Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн “East Asian super league”-ийн 2025-2026 оны улирлаас Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр албан ёсоор гарчээ. Ингэснээр манай улсын лигийн 2024-2025 оны улирлын аварга баг дээрх лигт өрсөлдөх эрхтэй боллоо.
Тус лигт Японы “B лиг”, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Тайванийн “P лиг”-ийн аваргууд өрсөлддөг. Тэдэнтэй Хонконг, Макаогийн мэргэжлийн багийнхан тоглоно. Уг лигт оролцох нь манайханд давуу талтайгаас гадна багийн санхүүгийн хувьд нэмэлт зардалгүйгээр орлого олох боломж бүрдэх нь.
Зүүн Азийн сагсан бөмбөгийн лиг нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн, хамтын ажиллагаатай гэдгээрээ онцлогтой юм байна. Нэг баг улиралд зургаан тоглолт хийх бөгөөд гурвыг нь өөрийн, гурвыг нь өрсөлдөгчийн талбайд зочлон өрнүүлэх аж.