Дэлхийд нэр хүндтэй Каннын кино наадам, Оскарын шагналын өндөр босго давсан “Баавгай болохсон” уран сайхны киноны найруулагч П.Золжаргал Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга, жүжигчин Ч.Ундрал нарыг зад шүүмжилж, тэдний жинхэнэ төрхийг нь ил болгов. Монголын кино урлаг, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор байгуулсан төрийн тусгай сангийн “толгойд” суусан кино урлагийн зөвлөл гэх байгууллагынхан залуу уран бүтээлчдийн эрх ашгийг хэрхэн хяхан боож, хүсэл эрмэлзлийг нь унтрааж ирснийг тэр зоригтойгоор илчилсэн. Мөн өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөхөд юу гэж ч хэлж, яаж ч худал ярьж чадах увайгүй хүмүүс энэ зөвлөлийг удирдаж, сангийн хөрөнгийг захиран зарцуулах хэмжээлшгүй их эрх мэдлийг эзэгнэж байсныг баримттайгаар олон нийтэд хэлсэн юм.
Энэ бүхний эхлэл нь Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн гишүүд “Баавгай болохсон” киног Оскарын шалгаруулалтад Монголыг төлөөлж оролцуулахаас татгалзсан шударга бус, эрх ашгийн зөрчилтэй шийдвэр байсан. Улмаар Кино урлагийг дэмжих санг татан буулгах асуудал хөндөгдөж эхлэхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Баавгай болохсон” киноны санхүүжилтийн 30 хувийг төрөөс олгосон” гэж хээвнэг худал ярьсан нь, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал “Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх уран бүтээл болон Оскарын шалгаруулалтад оролцуулах киноны сонгон шалгаруулалтыг тус тусад нь өөр хүмүүс хийдэг” хэмээн хувиралгүй худал хэлсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болж, найруулагч бүсгүйг олны өмнө гарч ирэн залруулга хийхэд хүргэсэн билээ.
“Монголын кино урлагийн салбар дэндүү жижигхэн. Ах аа, эгч ээ гэж бие биедээ долигонож, зусардаж байж л оршдог, өрөвдөлтэй байдал бий болсон. Залуу уран бүтээлчид дуугарч, үгээ хэлэх болсон” гэх түүний яриа олон хүний зүрхэнд, бас тархинд хүрчээ. Сайтад өгсөн ярилцлагыг нь 10 хүрэхгүй хоногт 2.9 сая хүн (давхардсан тоогоор) үзэж, 28 мянга орчим хэрэглэгч нийгмийн сүлжээнд түгээж, 4000 гаруй иргэн сэтгэгдэл үлдээсэн байна. Монгол залуусыг яг түүн шиг гарч ирж, худал хуурмаг, шударга бус зүйлсийн эсрэг эр зоригтой дуугарахыг олон нийт уриалж эхлэв. Залуу уран бүтээлчид, кино салбарынхныг төлөөлөн найруулагч П.Золжаргал чанга дуугарлаа. Тэгвэл бусад салбарынхны эрх ашгийн төлөө хэн зоригтойгоор дуугарах вэ.
Монголын нийгэм одоо гомдоллогч, ялархагч, шүүмжлэгчдээр дүүрчхээд байна. Ингэж хэлэхээр “Гомдоллож, ялархахаас аргагүй хүнд нөхцөлд амьдарч байна шүү дээ” гэж сөргүүлж магадгүй. Мөн “Шүүмжлэлт сэтгэлгээ бол эрүүл нийгмийн үзэгдэл, болохгүй бүтэхгүй зүйлийг хэлэхээс яах вэ” хэмээн зөвтгөх байх. Бид эрх баригчид, үе үеийн улс төрчдийн бий болгосон бурангуй, асуудал бэрхшээлээр дүүрэн нийгэмд зүдрэнгүй амьдарч байгаа нь үнэн. Үүнд өөрийн эрхгүй бухимдах, гоморхох сэтгэл төрөх нь бий. Хаашаа ч харсан болохгүй бүтэхгүй зүйлс нүдэнд өртөж, өөрөө тэр бүхэнтэй нүүр тулаад ирэхээр шүүмжлэл, сөрөг хандлага цухалзах нь ч байх. Гэхдээ гомдоллож, ялархаж, шүүмжилж суухаас хэтрэхгүй, үүнээс илүүг, өөрийг хийж чадахгүй бол дэндүү гунигтай. Юу ч өөрчлөгдөхгүй. Чимээгүй байснаараа шударга бус байдлыг өөгшүүлэн дэмжсэн хэрэг л болно. Харин өөрийг чинь тэгтлээ бачимдуулж, бухимдахад хүргэж буй зүйлсийн эсрэг хүчтэй дуугарч, нийгмийн дуу хоолой болох нь тэмцлийн бодитой хэлбэр. Залуус үнэхээр л нийгмээ өөрчилье, шударга бус зүйлстэй тэмцье гэвэл зоригтой дуугарагч, илчлэгч байх ёстой.
Найруулагч П.Золжаргал амьдралаас хол тасархай бодлого, шийдвэр, шударга бус тогтолцоог хүчтэй шүүмжилж ирсэн. Гэхдээ тэр шүүмжлэхийн зэрэгцээ бодитой зүйлсийг хийсэн. “Баавгай болохсон” хэмээх кино бол Монголын өнөөгийн бодит нөхцөл байдлыг илчилсэн, эрх баригчид, улс төрчдийн угсарсан бугшмал тогтолцооны эсрэг хүчтэй дуугарсан бүтээл. Хэрэв найруулагч бүсгүй Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Кино урлагийг дэмжих сангийн талаар шүүмжлэлт пост, тайлбарыг нүүр хуудсандаа бичээд өнгөрсөн бол энэ асуудал тэгтлээ өндрөө авахгүй байв. Харин тэр иргэний зориг гаргаж, олны өмнө гарч ирэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн учир кино урлагийн салбар дахь завхралыг илчилж, анхаарлын төвд оруулж чадлаа. Энэ бол бодитой оролцоо, тэмцэл.
Олон улсын байгууллагад ажилладаг нэгэн мэргэжилтэн “Монголд мэдлэг боловсролтой залуус өчнөөн. Харин зоригтой, хувиа хичээдэггүй нь цөөн” хэмээн бичжээ. Монголд мэдлэг боловсролтой, чадварлаг залуус үнэхээр олон бий. Хамтын нөхөрлөлийн орнуудын байгууллагаас гаргадаг Залуучуудын хөгжлийн индекс (YDI)-ээр манай улс сүүлийн жилүүдэд 180 гаруй орноос 40-60 дугаар байрт эрэмбэлэгдэж ирсэн нь үүний нэг нотолгоо юм. Энэ индексийг тооцохдоо хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг ч боловсролыг хөгжлийн суурь нөхцөл гэж үздэг. Монгол залуус мэдлэг боловсролоороо гологдохооргүй гэдэг нь эндээс харагдаж буй. Гэтэл тэдний хамгийн муу оноо авдаг үзүүлэлт нь civic participation буюу иргэний оролцоо юм. Үүнийг тооцохдоо улс төр, нийгмийн үйл ажиллагааны, олон нийтийн байгууллага, сайн дурын ажлын оролцоо, сонгуулийн ирц зэргийг голчлон авч үздэг. Энэ төрлийн үзүүлэлтээр манай улсын залуучууд байнга 120-иос хойш жагсаж ирсэн. Монгол залуус хэр хойрго, аминч вэ гэдэгт энэ үзүүлэлт тодорхой хэмжээнд хариулт өгнө.
Тэд яагаад дуугардаггүй, бугшмал зүйлстэй тэмцэхэд, нийгмээ өөрчлөхөд хувь нэмэр оруулдаггүй вэ. Нийгмийн зүгээс ирдэг сөрөг хандлага, дайралт, буруутгал, эрхэлж буй ажил, бизнестэй нь холбоотой хавчлага, дарамт, “Би л болж байвал бусад нь яах вэ” гэх аминч үзэл, “Нэг тогооноос хооллож буй хүмүүсийнхээ мууг үзэхгүй” хэмээх өмөөрөл, хаацайлал зэргийг энд дурдаж болно. Харин сэтгэл судлаач Ц.Ганпүрэв “Монгол залууст нийгмийн оролцооны үлгэрлэл байдаггүй. Аав, ээж, дээд, ахмад үеийнхэн нь буруу булхай үйлдлийн эсрэг яаж дуугарч, тэмцэж байсан тухай бодит жишээ, туршлага байхгүй. Үлгэрлэл байхгүй учраас төсөөлөл байдаггүй.
Тиймээс тэмцэхээс, оролцохоос хойш суудаг. Хижабтай эмэгтэйн гэх Ираны эсэргүүцэл, Чилийн оюутны хөдөлгөөн, Арабын хавар зэрэг залуучуудын манлайлал, оролцоонд тулгуурласан, нийгэмд томоохон өөрчлөлтүүдийг авчирсан хөдөлгөөнүүд олон улсад бий. Эдгээр нь нийгмийн хариуцлага, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн дуу хоолойг нэмэгдүүлэхэд залуучуудын оролцоо хэр чухал болохыг харуулсан” гэсэн нь үнэнд ойр, илүү ханатай тайлбар байв.
Залуус үзэл бодлоо илэрхийлж, дуугарах нь ямар ач холбогдолтой вэ. Нэгдүгээрт, өөрчлөлтийн эхлэлийг тавьдаг. Аливаа шударга бус явдлыг нийгмийн анхааралд аваачиж, илүү олон хүнд ойлгуулснаар шийдвэр гаргагчдад нөлөөлж, бодлогын түвшинд өөрчлөлтүүд хийх нөхцөлийг бүрдүүлдэг. Хоёрдугаарт, санаачилгатай оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Дуу хоолойгоо илэрхийлснээр оролцоотой, хариуцлагатай иргэний үлгэрлэлийг үзүүлж, бусдын санаачилгатай, идэвхтэй байдалд нөлөөлөх боломжтой аж. Нөгөөтээгүүр, иргэний үүрэг, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлдэг байна. Дараагийн нөлөө нь нийгмийн ухамсрыг сэрээх гэнэ. Шударга бус байдлыг мэддэг ч дуугардаггүй, нүүр тулсан ч эсэргүүцэж чаддаггүй хүмүүс нийгэмд зонхилдог. Тэгвэл энэ хүмүүсийн хандлагыг өөрчлөх, нийгмийн ухамсрыг сэрээх, нэгтгэх гол хөшүүрэг нь залуус юм. Ийм учраас л залуу үеийнхний дуу хоолойг нийгмийн өөрчлөлтийн бэлгэ тэмдэг гэж үздэг байх нь. Тиймээс л дэлхий нийт тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлж, нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг нэмэгдүүлэхэд зоригтой, санаачилгатай, П.Золжаргал шиг үг, үзэл бодлоо ил тод илэрхийлдэг залуус чухал нөлөөтэй хэмээн үзэж, тэдний оролцоог дээшлүүлэхийг ихэд чухалчлах болжээ. Монгол залууст бурангуй, бугшмал зүйлсийн эсрэг дуугарах эр зориг хэрэгтэй байна.
Н.Мишээл