УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл УИХ-ын тухай хуульд заасан тоонд хүрсэн. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг хуралдаж, сонсгол явуулах сэдэв, тов тогтоох асуудлыг хэлэлцэн, ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд явуулахаар товлосон” гэв. Ерөнхий хяналтын сонсголыг утаа багасдаг хоёрдугаар сард зохион байгуулахаар товлосон шалтгаан, нөхцөлийг зарим гишүүн тодруулсан юм. Үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Сонсгол хийх болон бусад зохион байгуулалтын ажлуудын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах, төрийн болон төрийн бус, хэвлэл мэдээллийн байгуулагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангахад анхаарсан. Үүнээс нааш зохион байгуулах боломжгүй. Ажлын хэсгийнхэн энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, холбогдох бодлого, шийдвэрүүдийн үр дүн, технологийн шийдэл зэрэг чиглэлээр дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлан явуулах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага ч үүсэж болзошгүй байгааг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тохирсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэл хотоор хязгаарлалгүй, Монгол Улсын хэмжээнд асуудлыг тавьж хөндөнө” гэв. Хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн шийдэл” сэдвээр, зохион байгуулах аж. Иргэдийн дунд утааны сонсголыг нэгдүгээр сард зохион байгуулна гэсэн хүлээлт байсан. Гэтэл утаа арилах үеэр хийхээр болсныг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Гамшгийн хэмжээнд хүрсэн утааны асуудлыг өмнө нь зохион байгуулсан нүүрс, Хөгжлийн банк, эрүүдэн шүүхтэй холбоотой сонсгол шиг нэрийн төдий бус, нотолгоонд суурилсан, гарц шийдэлд хүргэх чиглэлээр явуулаасай гэж олон нийт хүсэж буй.
Ч.Болор