Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэв. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Тогтоолын төслийг баталснаар Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Монгол, Францын хамтарсан ураны төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Мөн Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барих шийдвэрийг Засгийн газраас гаргав. Уг төмөр замыг барьснаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх нь. Ялангуяа боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой. УИХ тогтоолын төслийг баталснаар Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулах боломж бүрдэнэ. Цаашлаад төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тонн хүртэл өсгөх нь. Мөн нүүрсний борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх тооцоо гаргажээ.
Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм.