Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, харьяа байгууллага, газар, хэлтсүүдэд хэрэгжүүлж буй ажлын үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангид хэрэгжүүлэх, үүний хүрээнд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэгдлээ. Өөрөөр хэлбэл, энэхүү төслийг хэрэгжүүлснээр сурагчид цаашдаа аравдугаар ангид элсэн суралцах, эсвэл мэргэжлийн сургууль сонгох уу гэдгээ шийдэхэд дөхөм болох гэнэ.
Мөн өөрийн хүсэлтээр шилжин ажиллах багш нар болон 10-аас дээш жил нэг сургуульд ажилласан захирлуудын судалгааг гаргах, нийгмийн бүх төлөөллийг оролцуулах байдлаар Боловсролын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулахаар болов. Үүнээс гадна санхүүгийн сахилга алдаж, багшийг хууль бусаар ажлаас халах зөрчил гаргасан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг яаралтай зарлахыг үүрэг болгов. Ташрамд дуулгахад, Боловсролын сайд өнгөрсөн долоодугаар сарын 22-ноос хойш зургаан удаа шуурхай хуралдаж, салбар нэгжүүдэд 53 үүрэг, даалгавар өгчээ. Үүнээс 38-ыг нь бүрэн хэрэгжүүлсэн гэнэ.