Менингококкт халдварын улмаас хүүхэд эндээгүйг ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэв. Уг халдварт өвчнөөр нэг хүн өвдөж, ХӨСҮТ-д өдгөө эмчлүүлж буй аж. Түүнчлэн холбогдох байгууллагууд халдварын голомтод ажиллаж буй гэнэ. Мөн дээрх байгууллагаас “Энэ онд уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдварын улмаас хүүхэд нас барсан гэж мэдээлсэн нь ташаа” гэж мэдэгджээ. Эл халдварт өвчнөөр өнгөрсөн онд зургаан хүн өвдөж, нэг нь эндсэн аж.
Энэхүү халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдах, өглөө, оройдоо хоолойгоо бүлээн ус, нимбэгний уусмал зэргээр зайлах нь чухал гэнэ. Гэртээ тогтмол агаар сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Мөн 0-5 насны хүүхдүүд өвдсөн тохиолдолд биеийн байдал нь маш хурдан хүндэрдэг болохыг тус байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн энэхүү өвчин нь агаараар, бохир гар, хүнсний зүйлээр дамжин халдварлах нь түгээмэл аж. Менингококк нь гэнэт өндөр халуурах, бөөлжих, ядарч сульдах, цусархаг тууралт гарах, үе мөчөөр хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрдэг юм байна.
А.Үүл