Бүтээн байгуулалтын улирал шувтрах шахаж буй энэ үед нийслэлд харин авто зам засах ажил ид үргэлжилж байна. Өнгөрсөн хавар, зунжин шахам дорвитой ажил хийгээгүй атлаа замын ачаалал ихэсдэг намар цагт хаа сайгүй засвар хийх болсонд иргэд ихээхэн бухимдаж буй билээ. Тэгвэл нийслэлийн ЗДТГ-аас зам засах ажлыг ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлнэ хэмээн өчигдөр мэдээлэв. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сар хүртэл хотын зарим хэсгийн зам засвартай, хаалттай, тэр хэрээр ачаалал, түгжрэл нь их байх нь.
Бас төлөвлөсөн засварынхаа хагасыг нь ч хийж дуусаагүй гэнэ. “Улаанбаатар хотын нийт авто замын 70 гаруй хувийг нь энэ онд шинэчлэхээр төлөвлөсөн. Уг ажил одоогоор 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Тодруулбал, энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 87 байршлын авто замыг шинэчлэхээр болсон юм. Үүнээс 27 байршлын замыг засаж дуусаад байна. Цаашид60 байршилд авто зам шинэчилнэ. Харин дөрвөн байршлын замын засвар, шинэчлэлийн ажлын тендерийг зарлахаар хүлээж байгаа” гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.