Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын олонх нь өнөөдрийг хүртэл жишиг гал тогоогүй, байгааг нь зохицуулж, журамладаг нэг ч стандартгүй явж ирэв. 700 гаруй мянган хүүхэд сурч боловсорч, өсөж хөгждөг хамгийн том салбараа төр засаг ийн хөсөр хаясан нь хачирхалтай. БШУЯ-ныхан ерөнхий боловсролын сургуулиудын 50 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй гал тогоотой буюу зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйг өнгөрсөн он хүртэл “бахархан” ярьдаг байлаа.
Анхнаасаа сургуулиудын гал тогоог жишиг болгох нэг ч стандарт батлаагүй байж зориулалтын бус гэдэг шалгуурыг хэрхэн, яаж тодорхойлсон нь ч учир дутагдалтай.
Харин сүүлийн 3-4 жилд салбарын холбогдох хуулийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудыг жишиг гал тогоотой болгох санал санаачилгуудыг дэмжиж буй нь сайшаалтай. Үүний дагуу шинэ стандарт баталж, өчигдрөөс сургуулиудад мөрдөж эхэлсэн талаар Боловсролын ерөнхий газрынхан хэллээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.2-т зааснаар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, батлуулжээ. Ингэснээр манай улс анх удаа сургуулийн хүүхдүүдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах стандарттай болж буй гэсэн үг.
Энэхүү Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага стандартыг боловсруулан, батлуулах ажлын хэсгийг 2021 онд байгуулж, төслийг боловсруулж эхэлжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нд стандартыг баталж, саяхнаас л ажил хэрэг болж буй нь энэ аж.
Стандарт мөрдөхтэй холбоотойгоор салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн үнэлгээний багийнхан ерөнхий боловсролын сургуулиудад өчигдрөөс ажиллаж, хэд нь чанарын шаардлага хангасан гал тогоотойг судалж, үнэлж эхэлжээ. Эл үнэлгээний дараа сургуулиудын гал тогоо, хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдлын дүр зураг ерөнхийдөө гарна гэдгийг ч албаныхан учирласан. Өөрөөр хэлбэл, АНУ, ОХУ, Япон зэрэг орны туршлага, судалгааг харгалзан боловсруулсан гэх Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага стандартыг хэдэн сургууль хангахаар байна вэ гэдэг нь үнэлгээний багийнхны ажлаар тодорхой болох аж.
Үүнээс өмнө буюу дээрх стандартыг батлахын тулд орон нутгийн ерөнхий боловсролын 204 сургууль, 82 дотуур байр, 281 цэцэрлэгийг урьдчилсан үнэлгээнд хамруулсан юм байна. Мөн нийслэлээс 54 сургууль, 40 цэцэрлэгийн гал тогооны байр, орчин, тоног төхөөрөмжид ч чанарын үнэлгээ хийсэн аж. Тэгэхэд үнэлгээнд хамрагдсан сургуулиудын хоолны газрын 57.5 хувь нь стандартын шаардлага хангахуйц байсан бол үлдсэн нь зориулалтын бус орчинд үйлчилгээ явуулж байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Стандарт нэвтрүүлж, хангуулах ажил улсын хэмжээнд иймэрхүү явагдах болов уу гэсэн албаныхны таамаг байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургуулиудын гал тогооны тэн хагас нь стандарт хангахгүй байх магадлалтай гэнэ.
Боловсролын ерөнхий газрын өгсөн мэдээллээр 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 871 сургуулиас зургаа нь л гал тогоогүй, засвартай байсан гэв. Бусад нь ямар ч байсан цайгаа чанаад, мантуун бууз, ороомгоо жигнэчих хэмжээний байр, тоног төхөөрөмжтэй аж. Харин өдгөө стандарттай болсон учраас сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, барилга, байгууламж, тоног төхөөрөмж, технологи болон хоол зүйч нарт тавих шаардлагууд өмнөхөөс илүү тодорхой болсон нь мэдээж.
Хэдийгээр ерөнхий боловсролын сургуулиуд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарттай болсон нь сайн хэрэг ч хэрэгжүүлэх талд бас л хойрго ханджээ. Стандартыг урьдчилсан үнэлгээнд үндэслэн, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхийг БШУЯ-наас үүрэг болгосон ч хугацаа алдсаар өнөөдөртэй золгож. Хичээлийн шинэ жил эхэлчихсэн энэ үеэр бүх ажил нь зуун задгай, “бужигнасан” хүмүүс л байгаа сурагтай. Уг нь стандартыг заасан хугацаанд мөрдсөн бол өдийд сургуулиудын гал тогооны байр, тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүд “тос, усаараа” ялгарчихсан, чанаргүйг нь засах, шинээр төлөвлөж, зохион байгуулах ажил ид хийгдэх ёстой байж л дээ. Өөрөөр хэлбэл, стандартыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дүрэм, журмыг сурталчлан таниулах, салбарын болон холбогдох хяналтын байгууллагатай хамтран нарийвчилсан үнэлгээ хийх, шаардлагатай төсөв, санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт хэдийн тусгах ёстой байв. Гэвч эдгээр ажил дөнгөж одооноос л эхэлж буйг дахин сануулах нь илүүц биз ээ.
Ерөнхий боловсролын сургуулиуд ямархуу цайны газартай байхыг БНСУ-ын КОЙКА байгууллагынхан бидэнд зааж буй. Тодруулбал, энэхүү байгууллагаас “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр том зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. Тодруулбал, ШУТИС-ийг түшиглэн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв байгуулж, хоол зүйч нарыг мэргэшүүлэх, ажилчдыг чадавхжуулахаар болсон билээ. Мөн тэд дүүрэг бүрээс нэг сургууль сонгон, стандартын шаардлагад нийцсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлтэй жишиг гал тогоотой болгохоор ажиллаж байна. Үүний дүнд төрийн өмчийн зарим сургуулийн сурагчид эхнээсээ стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлээд эхэлжээ. Сурагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс ханган нийлүүлэгчид, хоолны үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдэд шим тэжээлийн боловсрол олгоход жишиг гал тогооны орчин нөхцөл, стандарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ. Тэднээс энэ мэтийг өдгөө суралцах шаардлага үүсээд байна шүү.
Манай улс сургуулиудынхаа гал тогоог стандартад нийцүүлж чадаагүй л болохоос холбогдох хууль, журмаар цэгцэд нь оруулах хугацаа, боломж байсан уу гэвэл тийм. Боловсролын ерөнхий хуулийн 39.1-т “Боловсролын сургалтын байгууллагын барилга, байгууламж, номын сан, гал тогоо, биеийн тамирын заал, талбай, дотуур байр, усан хангамж, ариун цэврийн байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээнд нийцсэн, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэж заасан байдаг.
Мөн 2019 онд баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль ч гэж тусдаа байдаг. Даанч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй явж ирснийг батлах хяналт шалгалт цөөнгүй бий. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд сургуулиуд хүүхдүүдэд үдийн хоол, цайгаар үйлчлэх тендерт шалгарсан компанид гал тогоогоо түрээсэлдэг явдал нийтлэг болжээ. Түрээсэлсэн төлбөр нь ч сурагчдад зориулагддаггүй учраас сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсийг бизнесээс салгах цаг болсныг багш нар ч учирлаж байсан. Тэгэхгүй бол ашиг харсан хэдэн хүн чанарын шаардлага хангахгүй орчинд дураар авирлаж, хэншүү хярвасаар хүүхдүүдийг “утаж”, хоол биш, хор идүүлж байна гэв.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өнгө төрх одоогоор нэг иймэрхүү л байгаа аж. Өчигдрийг хүртэл нийтээрээ стандартгүй ажиллаж ирсэн учраас үдийн хоол, цайных нь чанар, технологи, шим тэжээлийн талаар энэ удаад дурдсангүй. Шинэ стандартыг хэрэгжүүлэх хүрээнд цөөнгүй сургуулиудад гал тогооны сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалтууд зарлаад эхэлсэн учраас нөхцөл байдал бага багаар сайжирна гэж салбарын мэргэжилтнүүд хэлэв.
О.БАТ-УНДРАХ