Эрчим хүчний салбарт нүүрлэсэн хямралын үр нөлөөг энэ өвөл нийслэлчүүд утгаар нь амсаж, хохирч байна. “Өмнөх жилүүдэд цахилгаан хязгаарладаг байсан ч энэ өвлийнх шиг ойрхон, олон байршилд зэрэг тасалж байгаагүй” гэх шүүмжлэл гарч буй нь нөхцөл байдал улам хүндэрсний нотолгоо юм. Өнгөрсөн жилүүдээс ялгаатай нь энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны үнийг 30 хувиар нэмсэн. Мөн хамтарсан Засгийн газар эрчим хүчний реформыг эхлүүлж буйгаа сүртэй гэгч нь зарласан юм. Гэтэл бодит байдалд эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай, тогтвортой байх гол бодлого энэ цаг үед хамгийн их ганхаж, системийн ачаалал, чадлын дутагдлаас үүдэлтэй анхааруулгын улаан гэрэл өдөр, шөнөгүй анивчиж эхлэв. Сургууль, цэцэрлэг, үйлдвэр, үйлчилгээний газар гээд хаа сайгүй, гэр хороолол, орон сууцын хотхон, хороололгүй дүн өвлөөр хэдэн цагаар харанхуй байхад хүрлээ. УБЦТС-нээс цахилгаан таслах хуваарь гэж уртаас урт жагсаалт гаргаж, танилцуулдаг болов. Цахилгаан хязгаарласнаас болж хүүхэд осгосон тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд анх удаа бүртгэгдсэн гэх. Цаашид ийм байдлаар хэчнээн хүн, хэрхэн хохирохыг, улс орны эдийн засагт хэр хэмжээний алдагдал учрахыг таашгүй. Улаанбаатар хот хамгийн хүйтэн, хамгийн бохир агаартай нийслэл гэдгээрээ дэлхийд “алдаршсан”. Тэгвэл нэмээд хамгийн харанхуй, эрчим хүчний найдваргүй эх үүсвэртэй гэж муугаар цоллуулах болзлыг хангачхаад байна.