Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 40 гаруй музей үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн аймаг, сумуудад орон нутаг судлах 270 музей бий аж. Тэдгээрээр үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж, нэг саяас давах болжээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлснээр музей үзэгчийн тоо 2019 оныхтой харьцуулахад 40 хувиар өсөөд буй гэнэ. Тодруулбал, 2019 онд давхардсан тоогоор 689.6 мянган хүн музей үзжээ. Уг үзүүлэлт өнгөрсөн оны эцсээр 1.2 саяд хүрсэн аж. Үүнтэй холбоотойгоор музейнүүдийн орлого ч өсөж, 4.2 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ. Уг үзүүлэлт нь 2019 оныхоос 1.5 дахин өссөн дүн юм байна.
Үзэгчдийн тоо нэмэгдсэн нь нэг талаас музейнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсонтой холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, музейнхэн үзэгчдээ хүлээж суух биш, харин тэднийг татах зорилгоор олон төрлийн арга хэмжээ, тэр дундаа боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэргийг зохион байгуулдаг болсон нь нөлөөлжээ. Нөгөөтээгүүр, сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбар харьцангуй сэргэж, манай улсыг зорих жуулчны тоо олширсонтой холбоотой аж. Түүнчлэн манай улс 2021 онд Музейн тухай хууль баталж хүүхдүүд үнэ төлбөргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн нь ч нөлөөлсөн юм байна. Тухайлбал, тус хуулийн 9.1-т “Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ” гэж заажээ.
М.Оч