Богд хааны ордон музейнхэн “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэд энэ удаад улсын эх дагина Дондовдулам хатны түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан “Улсын эх дагина Дондовдулам” хэмээх эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулсан юм. Үүний хүрээнд эх дагинын намтар, үйл хэрэгтэй холбоотой, Монголын үндэсний түүхийн архивт хадгалж буй баримтуудыг тоймлон дэлгэв. Мөн “Шаргаморьтын аман дахь Дондовдулам хатны дурсгалын суваргын малтлага” судалгааны үр дүнг танилцуулж, Монголын түүхэнд түүний оруулсан хувь нэмрийг хэлэлцлээ.
Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Няммягмар “Төвөд болон монгол бичгээр бичсэн сурвалжуудад улсын эх дагиныг Дондовлхам гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. VIII Богд бол Монголын тарнийн шашны эзэн Очирдара юм. Тиймээс хатныг нь Очирдара бурхны номын нэрээр Дондүвлхам буюу тус бүтээгч охин тэнгэр хэмээн нэрлэжээ. Гэтэл 1940-өөд онд зохиолч Д.Намдаг “Цаг төрийн үймээн” романдаа Дондогдулам гэж анх бичсэнээр ард түмний дунд ийнхүү нэрлэгдэх болсон. Дондүг гэх төвөд үг нь зургаан нүүрт хэмээх Махешвар тэнгэрийн ёгт нэр. Иймд хатныг нь ингэж нэрлэх үндэсгүй. Ганцхан үсгийн зөрүү мэт боловч утга нь огт өөр болох учраас өдгөө эх дагиныг Дондогдулам бус, Дондовдулам гэж хэлж, бичих нь зөв” гэсэн юм.
У.Цэцэгсүрэн