Бэлтгэсэн: Ч.Мөнхзул, Т.Энхбат, З.Амгалан
Бүтэн жилийн талхны буудайг дотоодоосоо бүрэн хангах боломж хязгаарлагдав. Ган нүүрлэж, ургац алдсан амаргүй намартай тариаланчид золголоо. Өнгөрсөн хавар тариалалт хийснээс хойш бараг хоёр сар бороо орсонгүй. Үүний улмаас нийт ургацын 48 хувийг алдаж болзошгүй гэсэн дүн гарсан. Хамаг хүчээ шавхан хөдөлмөрлөж, арайхийн ургуулсан үлдсэн жаахан тариагаа хурааж эхлэх гэтэл тэнгэр дахиад л муухай аашилж, олон хоногоор бороо цутгав.
Цаашид ч багагүй хэмжээний хур, нойтон цас унах төлөвтэй байгаа. Тиймээс 48 хувь гэдэг тоо хэд болж өөрчлөгдөхийг таашгүй, ургацаа бүрэн хурааж дууссаны дараа л тодорхой болох нь. Зөвхөн буудайгаа алдаад зогссонгүй, хүнсний ногооны ургацын хэмжээ ч буурах юм байна. Сүүлийн 5-6 жилийн турш төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж ирсэн. Гэтэл энэ жил 74 хувийг л бүрдүүлнэ гэсэн төсөөлөлтэй сууна. Хүнсний бусад ногооны хувьд олон жилийн дундаж ёсоор дотоодын хэрэгцээний 40 хувийг бүрдүүлэх дүн хэвээр байх бололтой.
“Хөх баянбулаг” компанийн ургац хураалт ид үргэлжилж байна. 2017.09.19
Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, ган гачгийн улмаас манайхан нийт ургацынхаа 50 орчим хувийг нь алдсан 2015 оны түүх ийн давтагдав. “Гэхдээ энэ удаа 2015 оныхоос ч хэцүү, ойрын хэдэн жилд огт тохиолдоогүй хүнд сорилт тулгарлаа” гэж тариаланчид ярьж байна. Учир нь тухайн үед үлдсэн жаахан ургацаа хураахад нь ямар нэгэн асуудал тулгараагүй бол энэ намар юу ч үлдээлгүй авах гэж тэнгэр уйлагнасаар байна.
Өнгөрсөн хавар 367.000 га талбайд буудай тарьснаас 90000 орчим га-гийн ургацыг хураах боломжгүй, нэг ёсондоо алдсан. Үүнээс 10000-15000 га талбайн ургац тэжээлд шилжиж буй гэнэ.
Нэгэнт ургац алдах нь тодорхой, буудай дутагдах нь үнэн тул хойд хөршөөс импортлох хэлэлцээр хийхээр ХХААХҮЯ-ныхан явсан. ОХУ манайд буудай нийлүүлэх боломжтой гэж нааштай хүлээн авчээ. Урьдчилсан баланс ёсоор бол 160.000 тонныг импортлох төсөөлөл бий. Гэтэл энэ сургаар гурил үйлдвэрлэгчид дотоодын буудайгаа голж эхлэв. Буудай борлогдохгүй, сонирхох хүн ч алга гэсэн гомдол салбарын яаманд удаа дараа ирсэн гэнэ. Тиймээс яамныхан дотоодод тарьсан улаан буудайг нэн даруй худалдаж авах шаардлагатайг уриалж байна.
Салбарын сайд нь ч дотоодын ургацыг борлуулж дууссаны дараа импортын талаар ярина хэмээн мэдэгдсэн. Юутай ч тариаланчид өдгөө нийт буудайн 25 хувийг хураагаад байгаа бөгөөд ирэх сарын 20 гэхэд ажлаа бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Гантай жилийн буудай чанартай байдаг нь дахин батлагдаж, одоогоор хураагаад буй тариа бүхэлдээ 25 хувиас дээш (цавуулаг нь 26 хувиас дээш байвал I зэрэглэлийн буюу хамгийн чанартайд тооцогдоно) цавуулагтай аж. Ийм байтал үйлдвэрүүд худалдаж авах, үгүй нь тодорхойгүй, импортын “цонх” нээгдэхийг хүлээн суугаа нь харамсалтай.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Жаргалантын тариаланчид “шатаж” байна
“Энийг хараа, уг нь тариа маш сайн ёсолсон байгаа биз” гээд тариан талбайд налан унасан түрүүг Д.Баярсайхан шүүрэн авлаа. “Даанч өндөр ургаагүй учраас ингээд хаягдаж байна. Тавдугаар сард бороо хоёр удаа орсон. Зургадугаар сард бас хоёр орсон. Долдугаар сард тэнгэрээс хур ер унасангүй. Долдугаар сард хоёрхон удаа бороо орчихсон бол... Ингээд тариа ургасангүй” гэж тэрбээр харамсангуй өгүүлэв.
Үнэхээр ч түүний тариан талбайн буудай төө хүрэхтэй, үгүйтэй л “өндийжээ”. Д.Баярсайхан бүсэлхий хавьдаа гараа тавин, “Ийм өндөр ургадаг байхгүй юу” гэв. Төв аймгийн Жаргалант сумын нутаг Загдалын хөндийд улаан буудай тариалсан “Жаргал Надмид” компанийн ерөнхий захирал Д.Баярсайхантай хуучин “Нива” комбайнаа засварлаж дуусан, ажилд гаргаад байх үед уулзсан нь энэ.
Тэднийх өнгөрсөн жил 125 га талбайд улаан буудай тарьж, 240 тонн ургац хураасан байна. Тэгвэл энэ жил 500 га-д улаан буудайн үр суулгажээ. Гэвч 100 га талбайгаас дээд тал нь долоон тонн буудай хураасан гэнэ. “Нийт 30 орчим тонн л буудай хураах юм шиг байна. Уг нь 45 тонн үр суулгасан юм сан. Ургацын чанар сайн байна. Гэхдээ өндөр ургасангүй. Тэнгэр энэ жил хур бороогоо хайрласангүй” гэж тэрбээр ярилаа.
“Жаргал Надмид” компанийнхтай зэргэлдээ талбайд улаан буудай тариалсан аж ахуйнууд ч ургац алджээ. Тэнд 800 га-д улаан буудайн үр суулгасан “Жаргалант хар вест” компанийнхан нийт талбайнхаа тэн хагасын ургацыг хурааж авах ямар ч боломжгүй болсон аж. Учир нь буудай ургаагүй. Ингээд арай дээр ургасан 400 га талбайнхаа буудайг хураажээ. Тэднийх хамж шимж байгаад 90 тонн л буудай аж ахуйнхаа хашаанд буулгасан гэнэ. Хашаанд нь хоёр ажилчин ачааны машины тэвш дүүргэхтэй, үгүйтэй улаан буудай цэвэрлэж байлаа. Тус компанийн нярав Б.Энхдаваа “Өдийд буудай хашаа дүүрээд, цэвэрлэх гэж өдөр, шөнийг умартан хүрзэддэг байлаа. Энэ жил даанч урамгүй байна. Аж ахуй бүрийн хашаанд “атгахан” буудай буусан байгаа биз” гэлээ.
Загдалын хөндийн тариаланчдаас арай ам сайтай нь “Саян түрүү” компанийн захирал Б.Баярбат байв. Тус компани 850 га талбайд улаан буудай тариалжээ. “Бүх талбайнхаа тариаг хураана. 300 тонн тариа хураачих болов уу. Гэхдээ л нэг га-гаас гурван центнерийг хураана гэсэн үг” гэж тэрбээр ярилаа. Загдалынхан өнгөрсөн жил нэг га талбайгаас 15- 20 центнер буудай хурааж байж. Тариаланчид нэг га талбайгаас дунджаар 5-6 центнер буудай хурааж байж зардлаа нөхдөг аж. Тэгэхээр энэ жил тэд ашиггүй ажиллах бололтой.
“Жаргал Надмид” компанийн ерөнхий захирал Д.Баярсайхан “Төв аймгийн хойд сумдын тариаланчид бүгд ургацынхаа дийлэнхийг алдсан. Харин Сэлэнгийнхний буудай арай дээр ургасан гэсэн. Тэндхийнхэн гайгүй байх. Манай энд Ариунболд л арай арвин ургац хураах юм шиг байна” гэлээ.
Жаргалант сумын Тал булагийн хөндийд улаан буудай тариалдаг “Хөх Баянбулаг” компанийн ургац нээрэн ч арай дөнгүүр ургасан байлаа. “Хөх Баянбулаг” компанийнхан ургацаа ид хурааж байв. Тэднийх орчин үеийн техниктэй компани аж. “Challenger” брэндийн зургаан тоннын “ходоод”-той хоёр комбайн тариан талбайд зогсолтгүй ажиллаж байлаа. “Хөх Баянбулаг” компани 6000 га эргэлтийн талбайтай гэнэ. Тариан талбайн хэмжээгээрээ Төв аймагт хамгийн томд тооцогддог аж. Энэ жил 3000 га-д улаан буудай тариалжээ. Тус компанийн захирал Ж.Ариунболд “Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 60 хувиар бага ургац хураах төлөвтэй байна. Нэг га-гаас 5-6 центнер улаан буудай хураах байх” гэв.
Жаргалант сум энэ жил нийт 18 мянган га талбайд улаан буудай тариалжээ. Үүнээс 9000 га талбайн тариаг огт хураах боломжгүй болсон гэнэ. Үлдсэн талбайгаас нэг га-гаас дунджаар дөрвөн центнер улаан буудай хурааж байгааг тус сумын Засаг дарга Т.Цолмонгэрэл дуулгав. Мөн тус сумын тариаланчид 4700 га-д төмс тарьсан аж. Наймдугаар сард 2000 га талбайн төмсийг хураах найдлага үндсэндээ тасраад байж. Гэтэл үргэлжилсэн бороо орж, төмсний ургац сайжирсан гэнэ.
Тариаланчид 2000 га-д ургасан жижиг төмсөөрөө хойтон жил үр хийхээр хурааж эхэлсэн байна. Т.Цолмонгэрэл “Энэ жил манай нутагт хур тунадас маш бага унаж, ган боллоо. Тариаланчид сэтгэл дундуур байна. Нэг га-гаас дөрвөн центнер улаан буудай хурааж буй тариаланч гаргасан зардлаа нөхөхгүй, “шатаж” байна гэсэн үг. Нэг га-гаас 6-7 тонн төмс хурааж байна. Төмс тариалсан хувь хүн, аж ахуйн нэгжүүд ч зардлаа нөхөхөд бэрх. Харин найман сарын бороо төмсний ургацыг сайжруулж, хохирлыг нь нэлээд багасгалаа” гэж ярив.
Жаргалант сумын төвөөс холгүйхэн төмс хурааж буй тариаланчидтай уулзлаа. Улаанбаатар хотод амьдардаг Б.Ганзориг таван га талбайд төмс тарьжээ. Тэрбээр “Өнгөрсөн жил нэг га-гаас 10 гаруй тонн төмс хураасан. Энэ жил зургаан тонныг л хураах юм шиг байна. Төмс хурааж буй хүүхдүүд “Танай талбайн төмс бусдынхаас арай дээр ургажээ” гэж байна. Бороо орсонгүй, усалсан хэсэг нь сайн ургасан. Тариаланчид байгалийн эрхшээлд амьдрах юм” гэв. Сумын Засаг даргын зөвшөөрлийн дагуу Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12в бүлгийн сурагчид тэдний төмсийг хурааж байлаа. Хураасан шуудай төмс бүрт нь 1000 төгрөгийн урамшуулал олгодог гэнэ. Бороо орсонгүй, ган, байгалийн эрхшээл гэх үгс байн байн тариаланчдын амнаас унана.
Намрын шаргал наран улбар цацрагаа түгээж, Загдал, Тал булагийн үржил шимтэй хөндийг туяаруулах аж. Нар, үржил шимт хөрс байвч хурмаст тэнгэр хураа хайрлаагүйгээс тариаланчдын царай барайжээ.
Т.ЭНХБАТ
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.ОДОНХҮҮ: Аравдугаар сарын 20 гэхэд ургацаа хурааж дуусна
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа.
-Намрын их ажил хэдэн хувьтай явна вэ?
-90000 орчим га-гийн ургацыг алдсан, үлдсэн талбайгаас 259.000 тонн буудай авах боломжтой гэсэн урьдчилсан дүн гараад байна. Одоогоор Сэлэнгэ, Төв, Орхон, Хөвсгөл, Увс аймагт ургац хураалт 25-55 хувьтай. Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажил дөнгөж эхэллээ. Орон нутгаас ирсэн дүн мэдээгээр нэг га-гийн ургац есөн центнер байна. Энэ жил зургаа, долдугаар сард хэт халж, ган боллоо. Наймдугаар сарын эхний 10 хоногийн дундаас эхлэн 10 гаруй хоногийн турш бороо үргэлжлэн орсон.
Болц гүйцчихсэн, хураахад бэлэн болсон тариатай зэрэгцэн тачир, ногоон масс ургаж, хураахад хүндрэл учирлаа. Аж ахуйн нэгжүүд ангилж хураах гэж оролдсон ч наймдугаар сарын 20-ны үед усархаг бороо байн байн орсны улмаас бас л бэрхшээлтэй тулгарсан. Есдүгээр сар гарснаас хойш тариалангийн бүсэд хэд хэдэн удаа хяруу унаад байна. Тариаланчид маш түвэгтэй, хүнд нөхцөлд байгаа жаахан ургацаа алдалгүй хураахаар тэнгэрийн “чөлөөг” харж, өдөр, шөнөгүй зүтгэж яваа.
-Энэ сарын сүүлчээр хүйтэрч, нойтон цас орох төлөв гарсан. Түүнээс өмнө ажлынхаа ихэнхийг нугалж амжих уу?
-Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийнхэн энэ сарын 20, 24-25-нд тэнгэрийн байдал эвгүйтэх төлөвтэй гэж мэдээлсэн. Байгаль цаг уурын нөхцөл байдалтай нь уялдуулан, уян хатан технологи ашиглаж, ажлаа эрчимжүүлэх чиглэлийг орон нутаг руу өгсөн. Орхон, Сэлэнгэ аймаг дахь техник сайтай томоохон аж ахуйн нэгжүүдийн ажил дунджаар 70-90 хувьтай, энэ сарын 20 гэхэд дуусгах боломжтой.
Харин зун маш гандуу байснаа наймдугаар сард их хэмжээний хур тунадас унасан Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий аймагт ажил сунжирч, жигдэрч амжаагүй. Ажлаа дууссан компаниуд тоног төхөөрөмжөө бусдадаа шилжүүлж, зохицуулах тухай зөвлөмж орон нутагт хүргүүлсэн. Үүний дагуу компаниуд төлбөр тооцоогоо тохирч, харилцан туслалцаж байна. Аравдугаар сарын 20 гэхэд ажил бүрэн дуусах ёстой.
-Төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг байсан бол энэ жил үзүүлэлт буурсан байх аа?
-Бороо их орсон нь төмсний ургацанд сөргөөр нөлөөлж, нийт хэрэгцээний 74 хувийг хангах урьдчилсан баланс гарлаа. Улсын хэмжээнд хүнсний ногооныхоо 49.1, төмсний 31, буудайн 25 хувийг хураасан.
-Буудайн чанарын үзүүлэлтүүд хэр сайн байна вэ?
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-гийн салбаруудад 3000 тонн буудай буусныг шалгахад хүнсний буудайн I, II ангилалд тэнцэх хэмжээний, 25-30 хувийн цавуулагтай, маш чанартай байна. Гэтэл худалдан авагчид хөдлөхгүй байна гэсэн гомдол тариаланчдаас ирсээр. “Үйлдвэрийнхэн ирж үзэхгүй юм. Импортын квот авах гээд суучихсан юм биш үү. Бид дотоодод тарьсан буудайгаа яаралтай борлуулъя” гэсэн хүсэлт тавьсан.
-Хэр хэмжээний буудай импортлох шаардлагатай вэ. Хэзээнээс оруулж ирэх бол?
-Урьдчилсан балансаар бол хэрэгцээт буудайн 54 хувийг дотоодоос хангах төсөөлөл гарсан. Энэ нь дотоодын үйлдвэрүүдийн 5-6 сарын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг. Тийм ч учраас манай сайд дотоодын ургацаа борлуулж дууссаны дараа импортын квот олгоно гэж мэдэгдсэн.
Ургац сайн авсан Сэлэнгийн томоохон аж ахуйн нэгжүүдийн тариа үтрэм дээрээ хахчихаж. Гэтэл өдөр бүр шахуу бороо ороод байдаг. Хур тунадас унах тусам л хаягдал, хорогдол нэмэгдэнэ. Тиймээс хураасан буудайг хурдхан татаж авахад үйлдвэрүүд анхаарах хэрэгтэй. Үүний дараа 160.000 орчим тонн буудай импортлох шаардлага бий.
-Ургац бага авснаас буудайн үнэ нэмэгдэх нь гэж хэдийнэ яригдаж эхэлсэн. Зарим компани гурилынхаа үнийг өсгөсөн байна лээ.
-Төр буудайн жишиг үнийг өнгөрсөн жилийн түвшинд тогтоож, зарласан учир нэмэгдэх үндэсгүй. ТЭДС-гийн авлагын оронд болон худалдаж авах буудайн үнийг тогтоосон сайдын тушаал гарсан. Стандартын шаардлага хангасан, 25-аас дээш хувийн цавуулагтай буудайг ТЭДС 560.000 төгрөгөөр худалдаж авна. Харин тус санд өртэй аж ахуйн нэгжүүд 600.000 төгрөгөөр нийлүүлэх юм.
20-25 хувийн цавуулагтай буудайн үнэ 530.000, 18-20 хувьтай бол 500.000 төгрөгийн өртөгтэй байна. Үрийн буудайг 750.000 төгрөгөөр худалдаж авахаар сайдын тушаалд тусгасан. Үүний дагуу ТЭДС-гаас МХЕГ-ын байцаагчдыг оролцуулсан ажлын зургаан хэсэг гарган, орон нутагт ажиллуулж эхэллээ. Ирэх жил газар тариалангийн үйлдвэрлэл хэвийн үргэлжлэх ёстой.
Үүний тулд 60000 тонн үр нөөцлөх шаардлага бий. 50-70 хувийг нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө нөөцөлдөг. Энэ жил ургац багатай учраас үрийн 50 орчим хувь буюу 30000 тонныг аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нөөцлөх болов уу гэж бид тооцож буй. Үлдсэн хэсгийг дотоодын ургацаас бүрдүүлэхээр ТЭДС-гийнхан ажиллаж байна.
Ч.МӨНХЗУЛ
БАЙР СУУРЬ
-Хэдий хэмжээний га талбайд үр тариа, улаан буудай тариалсан, хэр ургац авахаар байгаа талаар зарим аймгийн холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Ургацынхаа 40 гаруй хувийг алдаж магадгүй
Ж.АЛИМАА (Дорнод аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч):
-Аймгийн хэмжээнд нийт 34.1 мянган га талбайд үр тариа тарьсан. Үүнээс 17 мянган га нь улаан буудайнх. Зургадугаар сард хэт их халсан. Нийт тариалсан талбайн ургацынхаа 40 гаруй хувийг алдаж магадгүй. Улаан буудай тариалсан 17000 га талбайн 5000 гаруй га-гаас нь ургац алдах төлөвтэй. Үлдэх 11000 гаруй га-гаас ургац хураана. Энэ сарын 15-наас ургац хураалт жигдэрч байсан ч борооноос болж түр зогсоод байна. Ургац хураалт одоогоор 10 орчим хувьтай байгаа. Үүнд 22 аж ахуйн нэгжийн болон оюутан, цэрэг гээд нийт 450 орчим хүн оролцож байна.
9687 га талбайн ургацыг алдсан
Ч.АМГАЛАН (Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Манай аймаг нийт 42 мянган га талбайд үр тариалсан. Гангийн улмаас энэ жил 9687 га талбайн ургац алдаж, 779.6 га талбайн ургац тэжээлд шилжсэн. Зарим ахмад настан “Ийм ган болж байсныг санахгүй байна” гэж ярьж байгаа. 32.4 мянган га талбайгаас ургац авахаар ажиллаж байна. Одоогоор 6776 га-гаас 5529 тонн ургац хураан авсан нь нийт талбайн 20.8 хувь юм. Нэгж талбайгаас 8.1 цн ургац авч байна.
Үр тарианыхаа 20 хувийг хураагаад байна
Ж.БАТЖАРГАЛ (Төв аймгийн Засаг дарга):
-Нийт 80000 га талбайд үр тариа тарьсан. Гангаас болж 56.3 хувийг нь алдчихаад байна. Үлдсэн 43.7 хувиас нь ургац хураах юм. Тодруулбал, нийт 34.8 мянган га талбай гэсэн үг. Одоогоор 20 хувиас нь ургацаа хураажээ. Энэ жил нэгж талбайгаас авах ургацын хэмжээ бага. Нэг га талбайгаас 3.7 цн ургац авч байна л даа.
Уг нь нэгж талбайгаас 15-16 цн ургац хураан авдаг байсан ч энэ жил бараг дөрөв дахин багаслаа. 37 жилд тохиогоогүй ган болсон нь ургацын хэмжээнд нөлөөлсөн. Бид 120.000 тонн үр тариа хурааж авахаар төлөвлөж байв. Одоогоор арван хэдхэн тонныг хурааж аваад байна. 74.5 мянган га талбайд улаан буудай тариалсан ч маш бага хэмжээнийхийг л авч мэдэх нь.
6900 га-д төмс тарьсан. Үүний 49 хувиас нь ургац авах гэж байна. Нэг га талбайгаас 77 цн төмс авах төлөвтэй. Одоо 2500 тонныг хураагаад байгаа. Хүнсний ногоог 812 га-д тарьсан. 47 хувь буюу 380 орчим га-гаас нь ургац авахаар тооцож байгаа. Үүнээс 800 гаруй тонн ургац авчихаад байгаа. 10000 тонн хүнсний ногоо хураан авна гэж байсан ч 3500 тонныг авах урьдчилсан тооцоо гарсан.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Улаан буудайн ургац сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрэх нь
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХААБ)-ын урьдчилсан таамгаас үзвэл 2017-2018 онд үр тариа (улаан буудай, тэжээлийн үр тариа)-ны ургац дээд амжилт тогтоож, 2.6 тэрбум тоннд хүрэхээр байгаа нь өнгөрсөн сарын таамгаас 18.4 сая тонноор давсан үзүүлэлт болох нь. Мөн хугацаанд 748.8 сая тонн улаан буудайн ургац хураахаар байгаа нь өмнөх сарын хүлээлтээс 1.2 хувиар өссөн дүн юм. Ийнхүү өссөн нь ОХУ-ын хураан авах ургацын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь гантай байсны улмаас өндөр ургац авах боломжгүй болсон АНУ, Канадын алдагдлыг хангалттай нөхөөд зогсохгүй, илүү гарах гэнэ. Шинжээчдийн тооцоолсноор АНУ-д болсон хар салхи ургацын ерөнхий дүнд нөлөөлөөгүй аж.
Цагаан будааны хувьд ч энэ жил түүхэн дээд амжилт тогтоож, 503 сая тоннд хүрэхээр байгаа нь 2016 оны таамгаас 0.5 хувь, өнгөрсөн долдугаар сарынхаас 0.5 сая тонноор илүү юм. Энэтхэг, Филиппин, Тайландад хураах ургацын хэмжээ өсөх төлөвтэй байна. Эдгээр улсын ургац Хятад, БНАСАУ-ын зах зээлийн орон зайг нөхөөд, илүү гарах гэнэ.
НҮБ-ын ХААБ-ын таамгаас үзвэл 2017-2018 онд дэлхийн улаан буудайн худалдаа нь импортын эрэлт, тухайлбал, Бразил, Энэтхэгт үлэмж нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн долдугаар сарын үзүүлэлтээс гурван саяар өсөж, 175 орчим тонн болжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны энэ сарын тайланд дурдсанаар 2017- 2018 онд дэлхийн улаан буудайн ургац 744.8 сая тоннд хүрэх гэнэ. Энэ нь шинжээчдийн таамгаас нэг сая тонноор давах хэмжээ юм. ОХУ (81 сая тонн), Турк (20 сая тонн)-т хураах ургацын хэмжээ өссөн нь таамаг өөрчлөгдөхөд хүргэжээ.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нэг тонн гуравдугаар буюу дээд зэргийн улаан буудайн экспортын үнэ хоёр ам.доллароор нэмэгдэж, 184 ам.доллар болсон байна. Энэ нь сүүлийн найман долоо хоног дахь хамгийн өндөр өсөлт аж. Дэлхийн зах зээлийн ханшийг дагаад Оросын зах зээлд улаан буудай үнэ өөрчлөгджээ. Бельги, Франц, Нидерланд, Португалд салбартай Европын таваарын биржид нэг тонн улаан буудайн үнэ хоёр ам.доллароор өсөж, 192 ам.долларт хүрээд байна.
АНУ-ын ХААЯ-ны сар тутмын тайлан дэлхийн зах зээлийн ханшид шууд нөлөөлдөг гэнэ.
З.АМГАЛАН