Саяхныг хүртэл эмчийн онош болон шинжилгээний хариуг туйлын үнэн гэж итгэдэг байлаа, бид. Гэтэл манай улсын олон лаборатори элэгний вирусгүй хүнийг вирустэй, вирустэйг нь вирусгүй гэж гаргадаг болоод удаж байна. Үүнийгээ ч эмч нар нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд “Хариу зөрөх тохиолдол гарч байгаа. Өөр лабораторид шинжилгээ өгөөд үз” гэж санаа зовох ч үгүй хэлдэг болсон. Энэ удаа элэгний вирус илрүүлэх, тоолох шинжилгээний талаар онцлон хүргэе.
Учир нь жил бүр вируст гепатитын улмаас дэлхий даяар 1.340.000 хүн амиа алдаж байна. Тэдний 30 хувь нь элэгний С, 66 хувь нь В вирусийн архаг халдварын улмаас хорвоог орхиж байгаа юм. Харин манай улсад өдөрт долоон хүн элэгний өвчнөөр тэнгэрт хальж байна. Тиймээс манай улс 2020 он гэхэд элэгний С вирусийн халдварын тархалтыг зогсоож, хавдар, хатуурлаар нас барагсдын тоог бууруулах зорилготой “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний хүрээнд эхний ээлжинд эрүүл мэндийн даатгал төлсөн 40-65 насны иргэнийг В, С вирусийн илрүүлэг болон тоолох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа билээ. Харамсалтай нь тэдний заримынх нь шинжилгээний хариу зөрүүтэй гарчээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн үг бий. Угтаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай, найдвартай тоног төхөөрөмж, мэргэжилтэн бүхий лабораторид хүний хувь заяаг шийдэх эрхийг атгуулах байв.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд улсын болон хувийн хэвшлийнхэн нэгдэж, “Монголын лабораториудын нэгдсэн сүлжээ” ТББ байгуулсан. Тус байгууллагыг үүсгэн байгуулагчид “Шинжилгээний хариу үнэн зөв байх нь эмчилгээний гол үндэс болдог. Лабораторийн шинжилгээний эргэлзээтэй хариу, зөрүүтэй байдлаас шалтгаалан иргэд эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсдаг явдал түгээмэл боллоо. Тиймээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториудыг нэгтгэн, тэдний үйл ажиллагааг олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэх, чанарын хөндлөнгийн хяналтыг сайжруулах үндсэн зорилготой” гэж мэдээлж байсан.
Энэ сүлжээг үүсгэн байгуулаад нэг жилийн ойн дээрээ хүрэх гэж буй ч үр дүн нь төдийлөн харагдахгүй байна. Тэд шинжилгээний хариу зөрүүтэй гардаг, үүнээс болж иргэд хохирч байгааг хүлээн зөвшөөрсөн ч шийдэх гарцаа олоогүй л байна. Тэр ч бүү хэл, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрийн хүрээнд шинжилгээ хийж буй 22 лабораторийн хариунууд хоорондоо зөрж, иргэд аль нь үнэн болохыг мэдэхгүй төөрөлдөх болов. ДЭМБ-аас тэдгээр лабораторийг шалгаж буй аж. Элэгний С вирустэй гээд эм ууж эдгэрсэн, 40 настай иргэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд шинжилгээ өгөхөд хэдэн сая вирустэй гэж тоологджээ.
Эрүүл саруул болсон гээд баярлаж явсан тэрбээр үүнийг сонсоод сэтгэлээр маш их унасан гэнэ. Хариундаа итгэж ядсан тэрбээр дахин шинжилгээ өгөхөд ямар ч вирусгүй гэж гарчээ. Аль хариунд нь итгэхээ мэдэхгүй болсон түүн шиг хүн манай улсад хэдэн зуугаараа байна. Бидний эргэн тойронд ийм асуудалд орсон хүн бишгүй. Хэд хэдэн жишээ хэлье. Хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнууд нэгэн байгууллагын ажилтнуудад илрүүлэг шинжилгээ хийжээ. Нэг ажилтан нь С вирустэй гарсан аж. Тэрбээр гурав хоногийн дараа хувийн өөр лабораторид шинжилгээ өгөхөд вирусгүй гэсэн хариу сонсов. Үүнээс өмнө бу юу дөрөвдүгээр сард шинжилгээ өгөхөд ямар ч вирусгүй гарч байжээ.
“Хаппи веритас” лабораторид 2011-2016 он хүртэл (2015 онд шинжилгээ өгөөгүй) шинжилгээ өгсөн нэг хүний хариу жил бүр өөр гарсан байх юм. Тодруулбал, 2011 онд С вирус 57420, 2012 онд 4613, 2013 онд тэг, 2014 онд 108.976, 2016 онд тэг буюу вирус алга гэжээ. Ямар нэгэн эм тариа хэрэглээгүй байхад шинжилгээний хариу нь эрс тэс өөр гарсан учраас тэрбээр “Элэг” төвд С вирусээ тоолуулахад 28100 гэж гарсан байна. Үүнтэй адил өөр нэг жишээ хэлэхэд, энэ оны зургадугаар сарын 30-нд шинжилгээ өгсөн хүний С вирус нь 1.344.064 байсан гэнэ. Гэтэл өөр нэг лаборатори тэг (0) гэж дүгнэсэн аж. “Гялс” төвд өнгөрсөн долдугаар сард шинжилгээ өгсөн хүнд 7.510.000 вирус байна гэж тоолсон бөгөөд дахин UB нэгдсэн төв лабораторид хандахад сөрөг буюу вирусгүй гэсэн хариу өгчээ. Энэ мэтээр нэг хүний шинжилгээний хариу харилцан адилгүй гарах явдал газар аваад байна. Зөрүүтэй хариунаас болж вирустэй гэдгээ мэдэхгүй явсаар өвчнөө хүндрүүлж, эрүүл нэг нь өвчтэй гэж сэтгэлээр унаж, бие махбод, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирсоор байх уу.
АНУ-д шинжилгээ хийдэг хоёрхон том лаборатори байдаг бөгөөд салбарууд нь бусад муж улсад нь ажилладаг гэнэ. Гэтэл манайх гуравхан сая хүнтэй байж чанарын баталгаагүй олон эмнэлэг, лабораторитой. Энэ бүхнийг цэгцлэхгүй бол, иргэд хохирч, гоё нэртэй хөтөлбөрүүд цаасан дээр үлдэх нь. Вирус илрүүлэх шинжилгээ өгөхөд дунджаар 15000, тоолоход хагас автомат төхөөрөмж 80000, бүрэн бол 120.000 төгрөг. Үүгээр зогсохгүй вирустэй гэж оношлогдсон хүн биохими, цусны дэлгэрэнгүй болон элэгний хатуурал тодорхойлох шинжилгээ өгөхөд 220-230 мянган төгрөг халааснаасаа гаргадаг билээ.
Ингээд нэг хайрцаг нь 300-800 мянган төгрөгийн үнэтэй эмийг 3-6 сарын хугацаанд ууна. Энэ бүхнийг тооцохоор нэг хүн дор хаяж 1-3 сая төгрөгийг элэгний вирусээ эмчлүүлэхэд зарцуулах юм. Гэтэл шинжилгээний хариу зөрүүтэй гарснаар нэг хүн хоёроос дээш удаа шинжилгээ өгөхөөс өөр аргагүй байдалд хүрч байна. Ийм зөрүүтэй хариуг эцэслэн шийдэх, нэг мөр болгохгүй байх нь лабораториудад ашигтай. Зөрүүтэй хариу болгонд дахин шинжилгээ хийж, төлбөр авдаг учраас тэр. Ялангуяа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд ЭМНДЕГ-аас нэг хүнд 240 мянган төгрөгөөр тооцон вирусээ хоёр удаа үнэ төлбөргүй тоолуулах эрх олгосон.
Үүнд зарцуулах 4.9 тэрбум төгрөгийг нэр бүхий 22 лабораторид тараан байршуулсан. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжихээс өмнө элэгний шинжилгээ хийх эрхтэй, итгэмжлэгдсэн лаборатори гарын арван хуруунд багтахаар цөөхөн байсан гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Гэтэл даатгалаар иргэдийг үнэ төлбөргүй оношлох сургаар өнөөх лабораторийн тоо 22-т хүрсэн. Хэний ч мэдэхгүй, өмнө нь сонсож байгаагүй, тэр ч бүү хэл, зориулалтын тоног төхөөрөмжгүй лабораторийн нэр багтсан байх жишээтэй.
Элэгний өвчин, тэр дундаа В, С вирус илрүүлэх шинжилгээний эргэлзээтэй хариунд төөрөлдсөн иргэд ЭМЯ болон “Монголын лабораториудын нэгдсэн сүлжээ” ТББ-д гомдол, мэдээлэл ирүүлдэг аж. Гэвч аль лабораторийнх нь хариу бодитойг хэлэхэд амаргүй гэнэ. Учир нь манай улсад шинжилгээний зөрүүтэй хариуг эцэслэн шийдэх лавлагаа лаборатори байхгүйг МХЕГ-ынхан хэлж буй. Тус газарт хүнс, эм, гоо сайхны барааны чанар, аюулгүй байдлыг шинжлэн тогтоодог лавлагаа лаборатори бий.
Шинжилгээний хариунууд зөрүүтэй гарч буй учраас үндэсний лавлагаа лабораторитой болох санал ЭМЯ-нд 2-3 жилийн өмнө тус газраас хүргүүлж байжээ. НМХГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь лабораториудын эргэлзээтэй хариутай холбоотой гомдол иргэнээс ирээгүй учир энэ чиглэлээр хяналт, шалгалт хийгээгүй гэж хариулсан. Угтаа бол Монголд үйл ажиллагаа явуулж буй, ашгийн төлөө ажилладаг хувийн лабораториудыг хянаж, шалгах үүрэг нь тэдэнд бий.
Шинжилгээний зөрүүтэй хариунуудыг цэгцлэх, үүнээс болж ард түмнийг хохироохгүй байх талаар ЭМЯ ямар ажил хийж байгааг сонирхоход “Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй олон ажил бий. Шинжилгээний зөрүүтэй хариунуудыг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид шинжлүүлдэг” гэв.
Хоногт долоон хүний амь авч одож буй элэгний өвчнөөс иргэдээ авран хамгаалахад Монгол Улс 220 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүнээс буруу зөрүү хариу гаргадаг лабораториуд ч хувь хишиг хүртэж байгаа. Тэднийг хөлжүүлж дуусахаас өмнө чанартай, зөрүүгүй хариу гаргадаг болоход нь анхаарал хандуулах цаг болжээ. 30 нас ч хүрээгүй залуус элэгний хорт хавдраар хорвоог орхиж байхад тангараг өргөсөн эмч, эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн салбарын удирдлагуудад алдах эрх баймгүй сэн.