Өнгөрсөн дөрөвдүгээр сард Энэтхэгт төрсөн охиныхоо нүүр рүү хүчил цацсан аймшигт хэрэг гарсан юм. Энэ хэргийн хохирогч нь 21 настай Кушбоо Деви. Тэрбээр цагдаа нарт төрсөн эцгийнхээ гэмт үйлдлийг илчилснийхээ төлөө шийтгүүлж, нүүрэндээ хүчил цацуулсан аж. Тус хэргийг түүний 40 настай эцэг Маник Чандра хэмээх эр үйлджээ.
Энэтхэгийн хойд бүсэд оршдог Уттар Прадеш мужид амьдардаг Кушбоо Деви сүүлийн зургаан сарын дотор хоёр удаа нүүрэндээ хагалгаа хийлгэжээ. Түүний нэг нүдний хараа нь их муудсан бөгөөд баруун гараа хөдөлгөж чадахгүй болсон байв.
Цөөнгүй эмч нар түүнийг үзэхээс татгалзсаны эцэст Жорж хааны нэрэмжит эмнэлэг Кушбоод эмчилгээ хийхийг зөвшөөрчээ. Түүний баруун гар хөдлөхгүй байгаа боловч эмч нар дахин хагалгааны дараа үр дүн гарна гэж найдаж байгаа аж.
Кушбоо нэг охинтой. Тэрбээр тун удахгүй дахин хагалгаанд орж, сорвио арилгах талаар эмч нартай ярилцахаар төлөвлөж байгаа юм. Энэ талаар тэрбээр "Эмч нар миний гуяны арьснаас авч нүүрний маань сорвийг бүрэн арилгах төлөвлөгөөтэй байгааг танилцуулсан. Гэхдээ амжилттай болох эсэх талаар амлалт өгөөгүй" гэж ярьжээ.
Кушбоогийн эцэг Маник Чандра залуухан охидтой гэрлэж, дараа нь бусдад зардаг гэдгийг Кушбоо мэддэг байжээ. Тэрбээр эцгийнхээ энэ гэмт хэргийн талаар цагдаа нарт мэдээлснийг нь мэдсэн харгис эцэг нь түүнийг өршөөсөнгүй. Бүр төрсөн охиноо хүртэл зарсан ч Кушбоо зугтаж амжсан гэнэ. Харин 16 настай дүүг нь нэгэн эрд зарсны дараа цагдаа нарт хандсан аж. Харамсалтай нь, ийм хэрэг болохоос өмнө Энэтхэгийн цагдаа нар уг хэргийг гэр бүлийн асуудал хэмээн хайрхардаггүй байжээ.
Кушбоог нөхөр болох Винод Кумар, гурван настай охин Тришатайгаа хамт унтаж байх үеэр Маник хаалгыг нь тогшсон бөгөөд энэ үеэр өөрийнхөө нэрийг хэлсэн гэнэ. Ингээд хаалгаа онгойлгосны дараа эцэг нь хүчил цацжээ. Үүнээс хойш юу болсныг төдийлөн санадаггүй. Харин харгис эцгийг нь цагдаа нар саатуулсан бөгөөд одоогоор шүүх танхимд түүний хэргийн талаар хэлэлцэж байгаа юм.