Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний найман сарын үзүүлэлтийг танилцууллаа. Үндэсний тооцоо судалгааны газрын статистикч Ю.Батзоригтын мэдээллэснээр:
Нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 1.7 тэрбум “ногоон” буюу 32.7 хувиар өссөн байна. Экспорт 1.1 тэрбум, импорт 580.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь ийм үзүүлэлт гарахад нөлөөлжээ.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний найман сард 819.4 сая ам.долларын ашигтай гарч байсан. Тэгвэл энэ удаа өмнөх оны мөн үеэс 528.7 сая ам.доллароор нэмэгдэж, 1.3 тэрбумд хүрчээ. Экспорт өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлсийнх 48.6 сая ам.доллароор буурсан ч эрдэс бүтээгдэхүүнийх 1.2 тэрбумаар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Ялангуяа нүүрсний экспорт 90 хувиар өссөн байна.
Импорт өсөхөд дизелийн түлшний 159.1, автобензин 40.5, машин тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 136.7, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийн худалдаа 68 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Эрдэс, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт болон хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн худалдаа нийт экспортын 94.9 хувийг эзэлж байгаа юм.