Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүй, сэтгүүл зүйн шүүмж, судлалыг хөгжүүлэх, нийгэмд шударга ёс тогтооход түлхэц өгөх, сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн нэрэмжит сангаас жил бүр сэтгүүл зүйн шилдэг бүтээлд БАЛДОРЖ шагнал олгодог болоод ес дэх жилтэйгээ золгож байна. Сэтгүүлчдийн хүсэн хүлээдэг, тухайн жилд өөрийнхөө бичиж туурвисан нийтлэл, нэвтрүүлэгээ сойж, мэргэжил нэгтнүүдээрээ болон уншигч, үзэгчдээрээ үнэлүүлдэг энэ уралдааныг сэтгүүл зүй дэх “Их хурд”, Монголын “Пулитцер” гэж нэрлэдэг болсон билээ.
Нэг жилд 200 гаруй сэтгүүлч, сурвалжлагч бүтээлээ ирүүлдэг энэ уралдааныг уншигчид хамгийн шударга болдог гэж үнэлдэг. Бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлэгийг улирал тутамд шалгаруулж, олон нийтэд зарладаг дүрэмтэй. БАЛДОРЖ шагнал сэтгүүлчдэд ихээхэн нэр хүнд авчирдаг төдийгүй эдийн засгийн хувьд ч томоохон нэмэр болдог юм. Түрүүлсэн нь 5000, аман хүзүүдсэн нь 3000 ам.долларын шагнал хүртэж, шилдэг аравт багтсан нь чамгүй урамшуулал авдаг энэ уралдаанд “Балдорж” сангаас одоогийн байдлаар 600 гаруй сая төгрөг зарцуулаад байна.
Үүний 158 сая төгрөгийг сангийн ерөнхий ивээн тэтгэгч “Улаанбаатар” банк, 50 саяыг дэмжигч хувь хүмүүс, үлдсэнийг нь Ц.Балдорж эрхлэгчийн гэр бүлийнхэн санхүүжүүлжээ. Ес дэх жилийнхээ шалгаруулалтыг өнөөдөр хийж, хэвлэл мэдээллийн аль байгууллагын, хэн гэдэг сэтгүүлчийн бүтээл шалгарах бол хэмээн хүлээж буй БАЛДОРЖ шагнал Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдэд ямар үр өгөөж үлдээж байна вэ. Энэ талаар сэтгүүл зүй судлаач эрдэмтэд, БАЛДОРЖ шагналтнуудын төлөөлөл юу гэж өгүүлэв.
СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРТ ТӨДИЙГҮЙ МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНД ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БУЙ
П.БАТХУЯГ (БАЛДОРЖ шагналын шүүгч, хэл бичгийн ухааны доктор, утга зохиолч судлаач):
-Өндөр үнэлэмжтэй, томоохон шагнал тухайн салбарынхаа хөгжлийн гол хүчин зүйл болох нь дэлхий дахинд түгээмэл. Кино урлаг үүний тодорхой жишээ. Оскар, Каннын наадамд оролцохыг хүсдэггүй уран бүтээлч үгүй болов уу. Монголын оюун санааны ертөнцөд, тэр тусмаа утга зохиол, хэл шинжлэл, сэтгүүл зүйн салбарт нэр хүндтэй, бие даасан, шударга үнэлэмжтэй шагнал үгүйлэгдэж байлаа. Энэ хоосон орон зайг БАЛДОРЖ шагнал нөхсөн юм. Энэ шагнал зөвхөн сэтгүүл зүйн салбарт бус, монголчуудын оюун санаанд томоохон нөлөө үзүүлж буй.
Өнөөгийн эмх замбараагүй, хаос нийгмээс хүмүүс шударга зүйлийг хайх нь ихэссэн. Бидэнд шударга үнэлэмжтэй нэг ч болов зүйл бий шүү гэдгийг БАЛДОРЖ шагнал харуулдаг. Уншигчид “Хэний ямар бүтээл нэр дэвшсэн бол, хэн түрүүлсэн бол” хэмээн хүлээдэг, хүлээн зөвшөөрдөг, анзаарч хардаг болжээ. Энэ нь шагналын нэр хүнд жилээс жилд өсөж, нийгэмд томоохон орон зай бий болгосныг илэрхийлж байна. БАЛДОРЖ шагнал нийгмийн оюун санаанд ийм үүрэг гүйцэтгэсэн гэж би судлаачийнхаа хувиар тодорхойлж буй хэрэг.
Монголын сэтгүүл зүйд БАЛДОРЖ шагналын гүйцэтгэж буй үүргийг одоо бүрэн гүйцэд дүгнэхэд хэцүү. Тодорхой хугацааны дараа энэ шагналын үр дүн бодитойгоор гарна. Монголын сэтгүүл зүйд оруулж буй хувь нэмрийг өнөөдрийн байдлаар дүгнэхэд, 1990-ээд оны сүүлчээс Монголын сэтгүүл зүйд орж ирсэн бүхэл бүтэн үеийнхний хэр хэмжээгээ тодорхойлдог, ур чадвар, туршлагаа багцаалдаг, салбарынхаа хаахна явааг мэддэг шалгуур нь энэ шагнал болжээ. БАЛДОРЖ шагнал бий болсон үеэс мэргэжлийн сэтгүүл зүйд ёс зүйн хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсан. Сэтгүүлчдийн залуу үе аман цуу яриа, батлагдаагүй эх сурвалжийг мэдээлэлдээ ашиглах нь жилээс жилд багасаж, нарийн судалгаа, хөдөлшгүй эх сурвалжтай, олон талаас нь харсан, шинэ үеийн сэтгүүл зүйн бүтээлийн өв сан бүрдэж буй. Энэ бол БАЛДОРЖ шагналын Монголын сэтгүүл зүйд оруулж буй асар том хувь нэмэр.
БАЛДОРЖ ШАГНАЛ БИДНИЙ “ЛУУЖИН” БОЛСОН
С.БОЛД-ЭРДЭНЭ (МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхимийн эрхлэгч, доктор, профессор):
-“Балдорж” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог шагнал нь Монголын сэтгүүл зүйн мэргэжлийн эрэмбэ, түвшинг тодорхойлох, сэтгүүлчдийн нэр төр, үүрэг хариуцлагыг өргөхөд үнэлж баршгүй их хүч, дэмжлэг үзүүлж байгааг олон нийт мэднэ.
Сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага, сэтгүүлчдийн ур чадварын үнэлэмж, шалгуур, өнгөрсөн жилийн онцлох сэдэв, асуудал зэргийг шагналын эздийн бүтээл туурвилаар тодотгож болдгоороо судлаач багш нарт чухал эх хэрэглэгдэхүүний түвшинд үнэлэгддэг.
Энэхүү шагнал нь мөнгөн дүнгээрээ төдийгүй нэр хүнд, байр сууриараа Монголын сэтгүүл зүйн тэргүүн дээд төдийгүй залуу шинэ үеийн сэтгүүлчдийн эрхэм зорилго, үнэт зүйл болсон гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Сэтгүүл зүй нийгмийн өмнө хариуцлагатай, төрийн бодлогод нөлөөтэй, уншигч үзэгчиддээ үнэ цэнэтэй байхын үндэс нь сэтгүүлчийн үнэлэмж, ёс зүй, нэр төр өндөр, хүлээн зөвшөөрөгдсөн байхад оршино. Тиймээс ч БАЛДОРЖ шагнал нь Монголын сэтгүүл зүйн хөгжил, ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт, бидний дэмжин тэтгэх их зорилгын “луужин” билээ.
МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨДӨЛГҮҮР
Ж.БАТБААТАР (МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор):
-Сүүлийн 10 жилийн туршид Монголын сэтгүүл зүйд, залуу сэтгүүлчдийг мэргэжил, ур чадвараа ахиулах, дэвшихэд БАЛДОРЖ шагнал хөдөлгүүр, татах хүч болж байгаа юм. Энэ шагналын шилдэг 10-т багтчих юм сан гэсэн сэтгэгдэл сэтгүүлчдэд төрүүлж буйгаараа Монголын сэтгүүл зүйд чухал, нэр хүндтэй.
Орчин үеийн цахим ертөнцийн хэт дэлгэрэл, цахим түрэмгийлэл ч гэж хэлж болох энэ цаг үед мэргэжлийн сэтгүүл зүй, олон нийтийн сүлжээний ялгаа зааг алдагдаж, чанартай, чанаргүй мэдээлэл холилдсон өнөө үед иргэдийн үнэн бодит мэдээлэл хүртэх эрхийг нь хангаж байхын тулд мэргэжлийн сэтгүүл зүйг илүүтэй хөгжүүлж байж, нийгмийн сүлжээнээс ялгарна. Ингэж байж нийгмийг чанартай мэдээллээр хангах үүргээ гүйцэтгэх юм. Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулж буй маш нэр хүндтэй шагнал. БАЛДОРЖ шагналыг хүртэхийн төлөө зорьж буй сэтгүүлчид гэдэг маань цаад утгаараа олон нийтэд хэрэгтэй, итгэл үнэмшилтэй, чухал мэдээллийг хүргэж, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлж, бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр юм.
СЭТГҮҮЛЧДИЙН ХҮСЭХ МӨРӨӨДӨЛ, ТЭМҮҮЛЭХ ЭРМЭЛЗЭЛ, ДЭРВЭХ ХИЙМОРЬ НЬ БАЛДОРЖ ШАГНАЛ ЮМ
С.БАТБААТАР (БАЛДОРЖ шагналын шүүгч асан, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга):
-Эрхлэгчийн минь нэрээр нэрлэгдсэн, түүний гэгээн дурсгал, гэрэлт хөшөө болон мөнхрөх учиртай БАЛДОРЖ шагнал Монголын сэтгүүлчдийг мялааж эхэлснээс хойш найман он улирчээ. Энэ жил ес дэх удаагийн шагналтан тодрох учиртай. Тэр авьяастан, чадвартан, мэдрэмжтэн тодрох өдөр нь энэ жилийн хувьд есдүгээр сарын 12 хэмээн товлогджээ.
Монголын сэтгүүлчид жил бүрийн намрын эхэн сарыг хоног тоолон хүлээдэг. Монголчууд ирэх жилийн наадмыг хүлээдэг шиг, энэ тэгэхээр их хүлээлт байх нь. Хүлээлт дуусаж, сэтгүүлчид БАЛДОРЖ шагналын тэнгэр доор хуран чуулах, хүссэндээ хүрсэн сэтгүүлчдийн баярт царайг харах сайхан байдаг аа.
БАЛДОРЖ шагнал сэтгүүлчдийг хүсэх мөрөөдөл, тэмүүлэх эрмэлзэл, дэрвэх хийморьтой болгосон юм. Энэ эрхэм хүний нэрэмжит шагналыг нэг л өдөр авна даа гэж залуус мөрөөддөг. Ирэх жилийн наадамд эхний аравт заавал багтана, тэгээд дараа нь… хэмээн цөөнгүй нь тэмүүлдэг. БАЛДОРЖ шагнал хүртсэн нь, түүний араас шилдгийн эгнээнд жагсагчид нь урам зоригоор цэнэглэгдэж, Монголын сэтгүүлчдийн хошууч эгнээнд багтжээ, би хэмээн өөрөөрөө бахархдаг.
Сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөсөн гэх албан үгийг энэ удаад хэрэглэмгүй байна. Өндөр үнээр үнэлсэн болгон үнэ цэнэтэй байдаггүй. Харин үнийг нь хэн ч, хэзээ ч тогтоож чадахгүй, гарцаагүй үнэтэй нь бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэж бий. Чухамдаа тэр бол сэтгүүлчдийн хувьд цаг цагийг элээн мөнх орших сурвалжилга, тэмдэглэл, хөрөг, ярилцлага сэлт сэтгүүл зүйн бүтээл билээ.
Цагийн шалгуурыг дааж чадах бүтээл туурвил сэтгүүлчдийн үзэгний мөр доороос олон төрөх болтугай хэмээх нь БАЛДОРЖ шагналын зорилго мөн.
Ядаж нэгэн жаранд уншигдах ганц бүтээлтэй болох нь сэтгүүлч хүний насан туршийн мөрөөдөл байх ёстой. Зөвхөн өнөөдрөөр амьдарч, сайн муу алин байсан ч хамаагүй, өнөөдөр л алдаршихын төлөө өөд уруугүй үсчин дэвхцэх нь сэтгүүлчийн ажил биш. Өөрийн итгэл үнэмшлийн эсрэг өрөөлийн үгээр зэвсэг хийн сүржигнэх нь үнэндээ бол гэмт хэрэг. Өнөөгийнхөө гэгээ гэрлийг мэдэрч, ирээдүй рүү, сайн сайхан руу тэмүүлэх итгэлийн галыг үгээр асаах, зөвхөн үнэний зардас байх нь сэтгүүлчийн үүрэг юм.
Энэ бол миний үг биш, Бал эрхлэгчийн минь бидэнд үлдээсэн гэрээслэл.
Энэ гэрээслэлийн зарчимд миний бичсэн нийтлэл, бэлтгэсэн нэвтрүүлэг, авсан зураг нийцэж байна уу гэж сэтгүүлч өөрөө өөрийгөө эхлээд шүүх хэрэгтэй байх. Тэгж чадвал, тийм чанарын тэмдэгтэй бүтээл олон төрвөл энэ шагнал оршин буйн, олгож байгаагийн, гардаж авахын утга биелнэ. Сэтгүүлч өөрийгөө шүүдэг хянадаг, тунгаан дээжилсэн нь уншигч түмэнд үнэлэгддэг, үүрэх ачаагаа сэтгүүлчид дааж чадаж байна хэмээн нийгэм нь хүлээн зөвшөөрдөг болохын төлөөх маргааш руу Монголын сэтгүүл зүй явж байна.
Энэ замын итгэлтэй нэгэн хөтөч, улаач болж яваа нь БАЛДОРЖ шагналын бидэнд хүртээж буй хишиг юм даа.
МЭРГЭЖЛИЙН ТОМ ШАЛГУУР, ЦЕНЗУР БОЛДОГ
Б.ГАНЧИМЭГ (Соёлын гавьяат зүтгэлтэн, БАЛДОРЖ шагналт сэтгүүлч, МОНЦАМЭ агентлагийн дарга):
-Бал эрхлэгчийг дурсах, Монголын сэтгүүл зүйн хүндтэй үйл ажиллагаа болох гээд сэтгэл догдолж байна. Манай сэтгүүл зүйн том гигант, алдарт Ц.Балдорж эрхлэгчийн нэрэмжит шилдэг бүтээл шалгаруулах уралдааны анхны шалгаруулалт одоогоос есөн жилийн өмнө болж, миний бие тэргүүлж байсан нь нэр төрийн хэрэг. БАЛДОРЖ шагналын цензур, босго өндөр. Сэтгүүл зүй эзэнгүйдсэн, улстөржсөн, бизнесийнхний саварт орсон, савлагаатай үед энэ салбарт мэргэжлийн том шалгуур, цензур, хянаж үнэлдэг томоохон хүчин зүйл бий болгосон нь БАЛДОРЖ шагналын үнэ цэнэ. Ёс зүйтэй бичих, хүчтэй, хурдтай, тууштай байх зэрэг зарчим саарч байсан үнэт зүйлийг Монголын залуу сэтгүүлчдийн тархинд дохиолж, чимээлж, суулгаж өгдгөөрөө энэ уралдаан их чухал. Эдийн засгийн хувьд ч том шагнал. Хэн нэгнээс гуйж, хулгайлж аваагүй, бүтэн жил салбартаа өрсөлдөж байж хүртдэг алдар учраас ямар ч одон тэмдгээс илүү үнэ цэнэтэй.
Нэг хэсэг цахим сэтгүүл зүй, вэб сайтын эрин үе гэж ярьсан. Одоо бол нийгмийн сүлжээ үнэ цэнэтэй, шударга байна гэх юм. Үнэндээ нийгмийн сүлжээн дэх хувийн сэтгэгдлийг мэргэжлийн бүтээлтэй андуурч ойлгох нь өрөөсгөл. Ийм үед би Бал эрхлэгчийг санагалздаг, цахиур шиг дуу хоолой, нөмөр нөөлөг нь үгүйлэгддэг. Бал эрхлэгч шинэ зүйлийг эсэргүүцэгч бус, түүчээлэгч байсан. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийг бойжуулж, өөрийнх нь удирдлагад биш, өрсөлдөгч сонинд нь байсан надад хүртэл зөвлөдөг байлаа. Тэр эрхэм хүн яваагүй, өнөө ч бидний дунд байгаа юм шиг ч санагддаг. Байгуулсан гал голомт, том медиа групп нь түүчээ хэвээр байна. Дурсгалыг нь хүндэтгэж зохион байгуулдаг энэ арга хэмжээ ч улам хүчирхэгжиж, илүү олон сэтгүүлч, редакцыг хамардаг боллоо. Энэ удаагийн шалгаруулалтад манай агентлагийн тоймч өрсөлдөж байна. Нэлээд найдлага тавьж байгаа. Дархан урчууд, үгийн инжаанууд, сэтгүүл зүйн мастерууд бүхий маш том бүрэлдэхүүн энэ уралдааныг шүүдгээрээ онцлог. Тиймээс ч шалгаруулалтын дараа ямар нэгэн дэл сул яриа гардаггүй.
Би уг нь энэ жил сурвалжилгын төрлөөр оролцоно гэж амласан боловч хувийн зохион байгуулалт, эрүүл мэндийн шалтгаанаас болоод гурван ч шалгаруулалтад оролцож чадсангүй. Одоо шинэ залуу сэтгүүлч төрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, сайн бүтээл сойдог “уяач” болохоор бэлтгэж буй.
МЭРГЭЖЛИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЛБАРЫГ МОНГОЛД БАЛДОРЖ ШАГНАЛ ТОДОРХОЙЛЖ БАЙНА
Ж.ТЭГШЖАРГАЛ (БАЛДОРЖ шагналт сэтгүүлч, ub.life сайтын эрхлэгч)
-Хэдийгээр сэтгүүлчид үзгээ шүүрэхдээ нэр алдар, ашиг хонжоо, шагнал мөнгө зэрэг ойлголтоос хол, ангид байдаг боловч бичиж, туурвисан бүтээл нь хожмоо уншигч, редакцын тааллаас гадна мэргэжлийн хүрээнд дүгнэгдэж, нэр алдраа цуурайтуулна гэдэг хэчнээн сайхан хэрэг билээ. БАЛДОРЖ шагналын хамгийн том үнэ цэнэ энэ болов уу. Эндээс эхтэй урам тэмүүлэл болон жигүүрлэж олон гайхалтай, даацтай бүтээл төрөн гарах үндэс болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
“...Миний хамгийн сайн бичвэр бол яг одоо бичиж байгаа бичвэр маань. Дараа нь бичих зүйл мөн үүнээс сайн байх болно. Энэ нь л би маргааш илүү сайныг бүтээнэ, нөгөөдөр бүр ч сайныг бүтээнэ, тэгээд гоц туурвилаар энэ амьдралаа төгсгөнө гэдгийн цор ганц барьцаа болох юм аа...” хэмээх Ж.П.Сартрын үг бий. Энэ мэргэжлийг анх сонгохдоо л дотор нь ассан гал, тэмүүллээр өнөө хэр тэжээгдэн олон мянган сэтгүүлч “сайн бичвэр”-ийн төлөө өдөр бүр шаналж, хөдөлмөрлөж, зорьж яваа. Өдөр тутамдаа сайн, муу олон үйл явдлын гэрч болж явдгийн хувьд энэ тэмүүллээ мартчих, үгүйдээ л урам хугарах, анзаарахгүй өнгөрчих, тэгээд хамгийн хэцүү нь “хэн намайг үнэлээ билээ” гэж шантрах үе цөөнгүй. Ийм үед мэргэжлийн өрсөлдөөн мэргэжлийн таашаал авчирдаг. Тэр өрсөлдөөний талбарыг Монголд БАЛДОРЖ шагнал тодорхойлж байна.