“Улаанбаатарт үйлдвэрлэв 2017- энэ сарын 9, 10-н буюу амралтын өдрүүдээр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм.
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэд хөтөлбөр НИТХ-аас баталж уг хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдааны гол онцлог нь 99 павьлонд нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 111 иргэн, аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөргүйгээр байршуулан, иргэддээ үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдаалж байна. Түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөс гадна тухайн бүтээгдэхүүний танилцуулга, реклам, шторкыг зар сурталчилгааны дэлгэц ашиглан үнэ төлбөргүйгээр танилцуулах боломжийг ч зохион байгуулагчид олгожээ. Үүнд үндэсний үйлдвэрлэгчид талархаж байгаагаа хэлж байсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Нийслэлийн 9 дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүд бий. Тэнд үйлдвэрлэл эрхлэгчид маань 1-2 жил ямар нэг түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаа явуулж “бойжиж” гардаг. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь тус төвүүдээр дамжиж гарсан гэж болно. Хотын зүгээс хамгийн гол нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалт хийхэд нь зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх зорилго тавьж байна. Мөн хямд үнэтэй түрээсийн байраар хангах нь чухал.” гэв.
НИТХ-ын тэргүүлэгч Д.Баярсайхан “Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2 аж ахуйн нэгж, тусгай байранд 10 аж ахуйн нэгжийг шалгаруулна. Шилдэг хоёр аж ахуйн нэгжийг ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдах “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний үзэсгэлэн худалдаанд зардлыг нь санхүүжүүлэн оролцуулна. Үзэсгэлэн худалдааны гол зорилго нь “Улаанбаатарт үйлдвэрлэв” хэмээх брэндийг бий болгох юм.” хэмээлээ.
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанаас иргэд цагаан идээ, жимсний чанамал, зөгийн балаас эхлээд үндэсний үйлдвэрлэлийн гутал, хувцас, дээл, малгай, бэлэг дурсгал, ахуйн бүтээгдэхүүн гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр авах боломжтой юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.