Монгол Улсын үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох НЗДТГ-т Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр “Батламж” гардууллаа. Мөн төрийн үйлчилгээг онлайн болгоход хамтран ажиллаж байгаа “Үндэсний дата төв” УТҮГ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын нийт 5 албан хаагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Жуух бичиг” гардуулан өгсөн юм. Энэ үеэр хотын дарга “НЗДТГ нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны талаар баримтлах бодлого зэрэгтэй уялдуулан технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатарыг бий болгохоор зорилт тавин ажиллаж байгаа билээ. Төрийн үйлчилгээг нийслэлийн иргэдэд нээлттэй, хүртээмжтэй үзүүлэх, шийдвэр гаргах эрх бүхий албан хаагчдад мэдээллийн технологийн ухаалаг шийдлийг ашиглах, хот байгуулалтыг оновчтой төлөвлөх зэрэг шийдвэр гаргахад цахим мэдээллийн системийг ашиглах боломжийг бүрдүүлэх, орчин үеийн хотуудын технологийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд НИТХ-аар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулан шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ төрийн үйлчилгээнд цахим засаглалд бодитойгоор хувь нэмэр оруулах тоон гарын үсгийн хэрэглээг нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлсэн явдал байлаа. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлсэн ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлье. Та бүхний оюунлаг ажил үйлсэд амжилт хүсье” хэмээлээ.
Интернэт иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсноор түүнийг даган интернэт орчинд төрийн, санхүүгийн зэрэг төрөл бүрий үйлчилгээ авах, гэрээ хэлцэл хийх болон албан бичиг илгээх, хүлээн авах зэрэг олон төрлийн хэрэгцээ үүсч эхэлсэн. Эдгээр хэрэгцээг хангахад цахим орчинд холбогдсон хүмүүс хоорондын итгэлцлийг бий болгох, мэдээллийг аюулгүй дамжуулах, нууцлан хамгаалах, бүрэн бүтэн байдлыг хангах, цахим орчинд иргэнийг таних, аливаа үйлдэл, хэлцэл, баримт бичгийн эзэн, эх сурвалжийг тогтоох, түүнээсээ үл татгалзах шинжийг хангах зайлшгүй шаардлага тулгардаг. Эдгээр асуудлуудыг тоон гарын үсэг ба түүний гэрчилгээ найдвартай шийдвэрлэж чаддаг учир дэлхий нийтээр шилдэг шийдэл хэмээн тооцогдож байна.