Би байр, машины зээлтэй жирийн нэг залуу гэр бүлийн төлөөлөл. Эдийн засгийн хэмнэлттэй, хосолмол хөдөлгүүртэй “Prius-20” машин унадаг. Дугаарын хязгаарлалттай өдрөө хулгайгаар зорчдоггүй, нийтийн тээврээр ажилдаа очдог юм. Машинаа оношилгоонд оруулах, татвар, хураамжаа цагт нь төлөх тал дээр өөрийгөө хэтэрхий ухамсартай иргэн гэж боддог. Харамсалтай нь, ийм хариуцлагатай иргэнийхээ өмчийг төр хамгаалж чадахгүй байгаад уур хүрч, бухимдахдаа үзгээ шүүрснийг минь ойлгоорой.
Уг нь би 24 цагийн телекамерын нэгдсэн төвтэй, бүрэн камержсан гэж дарга нар нь гайхуулдаг Баянгол дүүргийн иргэн. Тэр тусмаа өөрийн оффисоо болон хаяанд байдаг “Монгол цагдаа” нэртэй хоёр орон сууцаа өвч бүрэн камержуулсан Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн хажууханд амьдардаг хүн л дээ. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр цагдаагийн хэлтэстэйгээ ойр аж төрдөгтөө уг нь олзуурхдаг байлаа. Гэтэл хоёр жилийн өмнө зээлээр машин авснаасаа хойш эд ангийг нь удаа дараа хулгайд тонуулсаар, одоо бүр аргаа барж сууна.
Хоёр жилийн өмнөх өвөл 100 гаруй мянган төгрөгөөр авсан машины хучлагаа анх хулгайд алдав. Цагдаад бүртгүүлсэн ч төдийлөн авч хэлэлцээгүй, архи уудаг нөхөд хулгайлж аваад нөмөрч унтдаг, “Драгон”-ы автовокзалд 20.000 хүрэхгүй төгрөгөөр хөдөөгийн жолооч нарт зарчихдаг гэсэн тайлбар сонсоод буцсан. Дараа зун нь “Prius -20” автомашины минь хоёр толийг урт гартнууд суурьтай, юутай хээтэй нь мулт татаад аваад явчихсан байж билээ.
Ийм толь хосоороо 300 мянгаас буухгүй үнэтэй гэдгийг “Prius”-ийн хэрэглэгчид сайн мэдэх байх. Цагдаад мөн л мэдүүлсэн. Бүртгэж аваад л хоцорсон, ямар нэг хариу эргэж өгөөгүй. Үүнээс хэдэн сарын дараа, яг шинэ жилийн өмнөх өглөө машины минь бүх батерейг хулгайч аваад явчихсан байв. Жолоочийн суудлын урд талын жижиг цонхыг хага цохин хаалга онгойлгож ороод, хулгайч нэлээд тухтай ухсан бололтой байсан. Батерей нь хосолмол хөдөлгүүртэй автомашины гол эд анги бөгөөд олон жижиг хэсгээс бүрдсэн, 30-40 кг жин татахаар эд.
Ганц хүн авахад амаргүй, бас тэгж тухтай ухахад нэлээд хугацаа орсон баймаар. Тэгэхээр хулгайч нар ажлаа хийхдээ гаршсан бололтой. Цагдаад мөн л өргөдөл бичиж өглөө. Хэргийг прокурорт шилжүүлээд, түүнээс хойш лав 20 шахам хоног хүлээх шаардлага гарч мэднэ гэсэн тул хугацаа алдахгүйн тулд эртхэн даатгалын байгууллагаас хохирлоо барагдуулахаар хөөцөлдсөн юм. Харин даатгалаас мөнгө авах гэж байгаа бол цагдаад өгсөн өргөдлөө буцаах шаардлагатай юм билээ. Энэ нь хулгайч нарыг өөгшүүлсэн буруу зохицуулалт санагдсан.
Өргөдлөө авчихсан тохиолдолд цагдаа хэрэгтнийг олъё гэж хайдаггүй, хэргийг шууд хаачихдаг аж. Батерей иж бүрнээрээ цоо шинэ нь ч биш, хуучин нь 1.2 сая төгрөгийн үнэтэй байв. Хувь хүнээс худалдан авч, даатгалаас тэр мөнгөө гаргуулж авсан тулдаа би хохиролгүй өнгөрсөн. Тэгээд хулгайчид юмаа алдаад хаширсан хүн чинь бусдаас асууж, сурж байгаад автомашины дохиолол авч тавилаа. Зургаа, долоон сар айх зүйлгүй санаа амар байтал хэдхэн хоногийн өмнө “Prius”-ийн минь толийг дахиад л хэн нэгэн дэлсчихэж.
Дохиололтой машины учрыг олоод толь хусчихдаг мэргэжлийн хулгайч байна аа, цаана чинь. Дахиад л Цагдаагийн хэлтэст очлоо. Хариуцсан байцаагчтайгаа уулз л гэнэ, өргөдөл бич л гэнэ. Өнөөх нь ажлын байрандаа байхгүй, утсаар ярихаар маргааш мэдүүлэг авна, дуудахаар ирээрэй гэх юм. Хүмүүс цагдаад өргөдөл өгөөд тэгсхийгээд залхдаг нь арга ч үгүй юм уу гэмээр.
Камер тавиулаагүй учраас танай байранд хулгайч орох нь аргагүй гэж бараг л захын цагдаа хэлэх нь нэг талаар өөрсдийгөө зөвтгөөд ч байгаа мэт. СӨХ-ндоо манай байрны оршин суугчид байнга хэлдэг ч өнөө хэр нь камертай болоогүй л байна. Гэхдээ алдсаны хохь, авсных нь зол гээд суулгүй, ядаж тэр хавийн төв замтай нийлдэг хэсгийн замын камерыг шүүгээд ч болов хэрэгтнийг барьж илрүүлж болмоор. Ер нь алдсан хүний арван тамыг өөрөөс нь өөр хэн ч ойлгодоггүй нийслэлд бид амьдарч байна.
Хаяанд нь байгаа орон сууцны гадна хулгайч нар ингэж дур зоргоороо авирлаж байхад нүдэн балай, чихэн дүлий байдаг Цагдаагийн хэлтэстэй байгаад ч яах юм. Өргөдөл авсан болоод мартчихдаг цагдаа нартай байгаад хэрэг байна уу. Энэ бол манай байрны зөвхөн нэг оршин суугчид тохиолдсон явдал гэж бодож байвал тийм биш. Машиных нь урд талын цонхыг хага цохиж, цүнх, түрийвчийг нь хулгайлсан тохиолдол бий.
Толь, гэрэл, калпак гээд машины жижиг эд ангийн хулгай бол жирийн үзэгдэл болсон нь манай байрны фэйсбүүк группэд оруулсан оршин суугчдын постуудаас харагдана. Нэг удаа машины дөрвөн дугуйг нь тайлж аваад, тоосго тулж орхиод явчихсан тохиолдол ч гарсан. Тэр хавьд камер байдаггүйг анзаарсан амташсан хэдэн хулгайч байнга түүгээр эргэлддэгийг яагаад цагдаа нар анхаарахгүй байгаад гайхмаар.
Баянгол дүүрэг 2015 оны арванхоёрдугаар сард 24 цагийн ажиллагаатай камерын хяналтын нэгдсэн төвтэй болж, нээлтийг нь сүр дуулиантай хийж байв. Дүүргийн хэмжээнд байдаг 415 камерыг нэгдсэн байдлаар хянах боломжтой гэж албаны хүмүүс тухайн үед мэдэгдсэн. Тэр ч байтугай нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэгтний нүүр царайг таних боломжтой гэж байв. Тэгвэл тэр камерууд хаана байдаг юм бол? Манай дүүргийн Цагдаагийн I хэлтэс олон камертай. Хуулийн байгууллага тийм байхаас ч аргагүй биз.
Харин дэргэд нь байдаг “Монгол цагдаа” гэсэн бичигтэй цагдаагийн алба хаагчдын хоёр орон сууц дээр дооргүй, тэр ч байтугай давхар болгондоо шахам камертай нь цагдаа нар өөрийн амьдардаг сууцаа аюулгүй байлгахад ихээхэн анхаарчээ гэж харахаар. Цагдаа нартай барьцахаа больё, дүүргийн хэмжээнд байгаа 400 гаруй камераас нэгийг нь хулгайд амташсан нөхдөөс сэргийлж энэ хавьд тавьж яагаад болдоггүй юм бол оо.
Камержсан дүүргийн, камераар өвч бүрэн зэвсэглэсэн цагдаагийнхны хамар дор хулгайч нар гаарсаар, ядарсан иргэд тэднийг өөгшүүлсээр байх уу.