Төрийн албыг мөнгөний авдар гэж харж, татвар төлөгчдийн мөнгийг өөрийн дураар зарцуулахын тулд өндөр албан тушаалд санаархагчид сүүлийн жилүүдэд олширсон. Тэднийг айлгадаг ганц газар нь АТГ. Намууд бие биенээ “намнах”-ын тулд тус газрыг урдаа барьж, эцэстээ улстөрчдийн тоглоомын золиос болоход хүрч байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз. Гэхдээ АТГ хуулийн дагуу ажлаа хийж байгаа. Тэндхийн мөрдөгчид төрийн халаасанд гараа шургуулж, өөрийн хэтэвчийг зузаалж байгаа олон хүнийг шалгаж буй юм.
БХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН ЭХНЭРТЭЭ ТЕНДЕР ӨГЧЭЭ
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Зэвсэгт хүчнийхэн дундаа “Диско” гэж алдаршсан Б.Батсайханыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдсон түүнийг БХЯ-нд ирэхэд нь “Армийг хүнд үед нь хаалга өшиглөж гарсан хүмүүс тооноор орж ирээд өндөр албан тушаал хашиж, жирийн офицеруудын насаараа хөдөлмөрлөж байж хүрдэг хурандаа, генерал цол авдаг болсны нэг жишээ нь Б.Батсайхан” хэмээж байв.
Тэрбээр Төрийн нарийн бичгийн даргын өндөр албан тушаалд томилогдсоныхоо дараа эхнэрийнхээ нэр дээрх компаниар дамжуулан БХЯ-наас зарласан хэд хэдэн тендерийн мөнгийг завшсан хэрэгт холбогдоод буй юм билээ. Тухайлбал, БХЯ-ны үүдний тохижилт, “Дуулга” студийн байрны засвар, Офицеруудын ордны “Соёмбо” танхимын шинэчлэл, БХИС-ийн тохижилт гэх зэргээр нэлээд их хэмжээний мөнгө завшсан бололтой.
Ингэхдээ эрх мэдэл албан тушаалаа ашиглан “Энэ компанитай гэрээ байгуул” гэх үүрэг чиглэл өгч байжээ. Ингээд зөвхөн “Дуулга” студийн байрны засварт гэхэд 50 сая төгрөг зарцуулсан гэх баримт бүрдүүлсэн байдаг ч үнэндээ тэр мөнгөний хаана ч хүрдэггүй юм байна. Эхнэр нь аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажилладаг гэх мэдээлэл бий. Мөрдөн байцаалт хараахан дуусаагүй, шинжээчид барилгын ажилд зарцуулсан хөрөнгийн тооцоог нарийвчилж байгаа аж.
ДЭД САЙД АСАН Д.ДОРЖПҮРЭВИЙН ХЭРЭГ ХЯТАДУУДААС БОЛЖ ГАЦЛАА
Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр нэг жилийн өмнө цагдан хорьсон билээ. Гэвч түүнд холбогдох хэрэг өнөөг болтол шийдэгдэлгүй таг чиг болов.
Нийслэлийн Прокурорын ерөнхий газар (НПЕГ)-ын эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-тай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээний дагуу тус улсын талд хүсэлт тавьжээ. Гэвч өмнөд хөршийн тал хариу өгөхдөө хойрго байгаагаас болж хэрэг нь гацчихаад байгаа юм.
Түлш эрчим хүчний дэд сайд, Төв аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан дээрх эрхмийг “ДЦС-3” ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг саяыг нь завшсан гэж буруутгасан.
Эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын “Hunan industrial equipment installation” гэх компанитай ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, тус компанид шилжүүлсэн 35 сая ам.доллараас өөрийнхөө байгуулсан “Фин сервис” ББСБ-ын дансаар буцаан авч, мөнгө угаасан гэж хууль сахиулах байгууллагынхан сэжиглэн шалгаж эхэлсэн билээ.
ХОЛБОГДОГЧИД НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН Ч ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
Зам, тээврийн сайд асан А.Гансүх, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар, БНСУ-ын иргэн Ли Жонг Ёл нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж, НПЕГ-аас шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буй. Тэгвэл энэ хэргээс Д.Цогтбаатарт холбогдох албан үүрэгтээ хайнга хандсан гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Бидний авсан мэдээллээр А.Гансүх, Д.Цогтбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаахад Д.Цогтбаатар нь “А.Гансүх шахаж шаардсаар байгаад гарын үсэг зуруулсан” хэмээн мэдүүлсэн аж. А.Гансүх нь ч хүлээн зөвшөөрсөн гэнэ.
Мөн “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын гэх 20 гаруй хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. “Натур фрейндли” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга М.Баянмөнх, нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал 20 гаруй хүнийг Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт орших 3519.7 га, шинэ суурьшлын бүс байгуулах Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших 508.9 га, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын 24623 га талбайн “Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ”-ний хүрээнд бодит ажил гүйцэтгэсэн гэж дүгнэжээ.
Уг нь ЭЦГ-аас “Натур Фрейндли” ХХК нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийж гүйцэтгэх гэрээний дагуу улсын төсвөөс нийт 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, зориулалтын дагуу зарцуулаагүй, холбогдох албан тушаалтнуудын хамт завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, олсон орлогын хууль бус эх сурвалжийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлж, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байсан юм.
“САУСГОБИ СЭНДС”-ИЙН ЗАХИРАЛ АСАН ДЭЙВ БАРТЕЛЛИЙН ҮЙЛДЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ
Монгол Улсад төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан Жастин Капла нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлснийг монголчууд мартаагүй. Тэгвэл уг хэрэгт холбогдоод байсан Дэйв Бартелл гэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор болжээ. Бидний авсан мэдээллээр уг эр хэрэгт шалгуулах үедээ хилээр гараад эргэж ирээгүй юм байна. Тиймээс ийн шийдвэрлэхээр болсон гэдгийг албаны эх сурвалжууд өгүүлэв.
Дашрамд өгүүлэхэд, гадаадын иргэд манай улсын хууль тогтоомжийг зөрччихөөд эрүүгийн хэрэгт шалгуулах болоход хил давж зугтсан тохиолдол нэг бус. Үүнээс манай хилийн хяналт тийм ч сайн бус гэдгийг илтгэж байгаа юм. “Транс” банкаар дамжуулан мөнгө угаасан В.Новожиловыг хилээр нарийн зохион байгуулалттайгаар оргуулсан, Монгол банкны ерөнхийлөгч агсантай хамтран эд хөрөнгө шамшигдуулсан АНУ-ын иргэн Ж.Чайлмерс хуурамч паспортаар хил давсан, бусдыг залилан мэхэлсэн хэрэгт шалгуулж байсан Хятадын иргэн Цагдан хорих төвөөс суллагдмагцаа Замын-Үүдийн ойролцоогоор хилийн тор дайрч оргосон гэх зэргээр тоочвол нэлээд олон хүнийг манай хууль хяналтын байгууллагынхан алдсан баримт бий.
Г.ДОРЖЗОДОВЫН ГАРГАСАН БАРИМТ “60 ТЭРБУМЫН” ГЭХ ХЭРГИЙГ НОТОЛЖ ЧАДАХГҮЙ
МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд төрийн албыг наймаалж, 60 тэрбум төгрөг босгохоор ярилцсан бичлэгийн гэх хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснээ НПЕГ-ын орлогч Ж.Ариунаа мэдээлэв. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн дунд тараасан бичлэгийг 2016 онд шалгаад гэмт хэргийн шинжгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Улсын Ерөнхий прокурорын газраас уг хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг томилон мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн албанд ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд зэрэг албан тушаалд томилогдсон 3000 гаруй хүний судалгаа гаргаж, 2016 оны сонгуулиас хойш томилогдсон, тушаал дэвшсэн 1446 ажилтныг шалгасан.
Түүнчлэн МАН-аас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хуулга, сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдийг ч шалгасан. Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугласан нотлох баримтуудаар МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул прокуророос хэргийг хааж шийдвэрлэлээ” гэсэн юм.
60 тэрбумын гэх бичлэгтэй холбогдуулан ШШҮХ-гээс зургаан удаа шинжээчийн дүгнэлт, хөндлөнгийн шинжээчдийн баг өөр дүгнэлт гаргасан бөгөөд гурван хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзжээ. Харин сүүлд шинээр гарч ирсэн бичлэг болох 40 болон 162 минутын бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн “Шинжилгээний объект нь эх хувь байна” гэсэн шаардлага хангахгүйгээс дүгнэлт гаргах боломжгүй болсон аж. Учир нь хэргийн гэрч, бичлэг хийсэн гэх Г.Доржзодов гар утсаараа хийсэн бичлэгээ устгасан хэмээн тайлбарладаг учраас хуулийн дээрх заалтыг хангахааргүй баримт болсон аж.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн “Легал аудио видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй юм байна. Хууль хяналтын байгууллагынхан ийнхүү дүгнэлтээ гаргалаа. Гэвч АН-ынхан 2020 оны УИХ-ын сонгууль хүртэл уг бичлэгийг байнга сануулж, тухайн сонгууль хүртэл сөрөг хүчнийхээ эсрэг хийх пи артаа ашиглахаар төлөвлөж буйг тус намын эх сурвалжууд хэллээ.