Хэдхэн сарын өмнө ашиглалтад өгсөн Х хорооллын туслах замын хөрс, ногоон байгууламжийг хуулж шугам засаж буй нь. 2017.08.31
Инженерийн байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн урсгал засвар, шинэчлэл дууссан, ерөнхийдөө Улаанбаатар өвөлд бэлэн гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Өнгөрсөн сарын 28-нд нийслэлийн удирдах ажилтнууд зөвлөлдөж, “Дулаан, цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл 78.2, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл ажил 76.5, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудынх 72 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангасан ажлаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй явна.
2017-2018 онд төвлөрсөн дулаан хангамжид холбогдох дөрвөн сургууль, нэг цэцэрлэг, хоёр эмнэлгийн гадна шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, холигч шахуургын узель барихад шаардлагатай 515.8 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Мөн замын халтиргаа гулгааг арилгах 1000 тн бодис, 1500 тн давс нэмж нөөцлөхөөр 555 сая төгрөг төсөвлөж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн танилцуулж байв. Тэд ирэх даваа гаригт болох зөвлөгөөнөөр бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэх чихэнд чимэгтэй мэдээгээ дахин дуулгана гэдэгт итгэлтэй байна. Учир нь хотын дарга өвөлжилтийн бэлтгэлээ энэ сарын 15-ны дотор дуусгах даалгавар өгсөн юм. Харамсалтай нь, цаасан дээр хангагдсан зарим бэлтгэл бодит байдлаас хол зөрөх нь.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй 12а магистралын засвар, түүний 2ф400 мм голчтой салааг өргөтгөн сольж, шинэчлэх ажил 95 хувьтай байгаа гэдгийг албаныхан мэдээлэв. Гэвч өнөө өвөл “Дүнжингарав” хорооллынхон зутруу өвөлжих бололтой. Тус хороолол доторх шугамыг угсраагүй учраас тэр. Ажил гүйцэтгээгүй шалтгаанаа “Оршин суугчид зөвшөөрөөгүй” гэдэг тайлбараар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийнхан ам таглаж байгаа. Ер нь тус байгууллагынхан хариуцсан ажлаа хангалттай хийгээгүйг хэлэх хүн олон.
Зүүн дөрвөн замаас Кино урлагийн дээд сургууль хүртэлх шугам сүлжээний ажил дуусаагүй байхад Х хорооллын туслах зам дагуух шугамыг дулаалж, засахаар хөрсийг нь хуулчихлаа. Гуравхан сарын өмнө тавьсан явган хүний замыг ховхолж, тарьсан зүлэг, ногоон байгууламжийг нь сүйтгээд шүү. Зуны гурван сард налайж суугаад, цаг агаар хүйтрэхтэй зэрэгцэн ажлаа эхлүүлсэн тэд “Бүх бэлтгэл хангагдсан. Хүндрэл гарахгүй. Бороо орсны улмаас бага зэрэг хугацаа алдлаа. Энэ долоо хоногт амжаад засвараа дуусгана. Бэлтгэл 80 орчим хувьтай байгаа. Энэ зуны засварын ажлаар 8д, 12а, 11и магистралыг өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөсөн. 8д магистралын өргөтгөл, шинэчлэл 70 хувьтай байна.
Харин 11и магистралын ажил Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан ирэх он хүртэл хойшилсон” хэмээн ам бардам хэлэв. Гэвч “ДЦС-4”-өөс салбарласан есдүгээр магистрал шугам ид хүйтэнд хагарч, тэжээгддэг шугамууд нь хөлдөж мэдэх нь. Тус шугам 20-иод удаа хагарч, мөн тооны нөхөөс хийсэн, хүүхдийн зулай шиг нимгэн болсон аж. “Уг станцаас “Дэвшил” компанийн баруун урд тал хүртэлх ф500 мм-ийн голчтой, дулааны 252 метр шугамыг ф700 мм, ф700 мм-ийн голчтой дулааны 1156 метр шугамыг ф1000 мм болгон өргөтгөх ажлын зургийг 2015 онд гаргасан.
Төсөвт өртөг нь 4.8 тэрбум төгрөг юм билээ. Хаана гацсаныг нь мэдэхгүй, зураг нь бэлэн байхад энэ хоёр ажлыг хийсэнгүй. 9а магистрал 1984 онд ашиглалтад орж, хугацаа нь дууссан тул сүүлийн жилүүдэд 50 гаруй цэгэн цооролт гарч нөхөөс тавьсан. Уг шугам нь “ДЦС-4”-өөс гарч байгаа гол шугам тул халаалтын улиралд зогсоож засвар хийх боломжгүй” хэмээн эх сурвалж мэдээлж, ирэх өвөл уг шугам гэмтэх эрсдэл өндөр, үүнээс болоод олон хэрэглэгчийн халаалт зогсох зэрэг хүндрэл гарах магадлалтай гэдгийг анхааруулав.
ГССҮТ-өөс “Улаанбаатар палас” хүртэлх дулааны 3.6 км шугам ч “эрсдэлтэй” жагсаалтад оржээ. Эл 8а, б магистрал шугамыг 1997 онд Дани улсын буцалтгүй тусламжаар барьжээ. Гэвч суваггүй технологиор хийсэн учир 2003-2004 оны халаалтын улиралд гэмтэл гарч шугамын дамжуулах чадвар алдагдсан, хөрсний усны нөлөөгөөр хоолой гадна талаасаа зэвэрч нимгэрээд, цэгэн цооролт үүсчээ. Уг шугамыг суваггүй угсарсан учир гарсан гэмтлийг засахын тулд өөр хоолойгоор оруулга хийх, түр шугам зэрэгцээ холбох зэрэг хүндрэл гардаг гэнэ.
Өнгөрсөн жилүүдэд айлуудыг олон цагаар халаалтгүй байлгаж, ослын нөхцөл үүссэн тохиолдол цөөнгүй. Тэгвэл өдгөө эл шугамыг мөн л засахаар ажиллаж байгаа юм. “Хөх бүрд” захын урд талын ТК-802 цэгээс ТК-824 худаг хүртэлх ф500 мм-ийн голчтой дулааны шугамыг ф600 мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх зургийг 2013 онд гаргасан ч ажлыг нь гүйцэтгээгүй гэнэ. Тиймээс өнөө жилийн ширүүн өвлийг Х хороолол, ГССҮТ, 25 дугаар эмийн сан орчимд амьдардаг иргэд яажшуухан давах нь тодорхойгүй.
Таван шар орчмын халуун усыг долдугаар сарын 10-наас хоёр долоо хоногийн хугацаатай хязгаарлаж, шугамын засвар хийх ёстой байв. Гэвч зургадугаар сарын 10-нд хязгаарлажээ. Тэндхийн оршин суугчдын хэлж буйгаар ашиглалтад оруулж буй шинэ барилгад дулаан өгөхийн тулд өнгөрсөн зун тавьсан шугамынхаа төлөвлөлтийг өөрчилж буй гэнэ. Мөн хязгаарласан усыг нь одоо хүртэл өгөөгүй бөгөөд 15-нд халаалттай нь хамт өгнө гэж мэдэгдсэн байх юм.
Халуун усгүй 20 гаруй хонож, сүүлийн 10-аад хоног хүйтэн усгүй байгаа XIII хорооллынхон, Таван шарынхны дэргэд зовоогүй аж. Халаалт өгч эхлэхээр “Хий авна”, “Хоолойгоо цэвэрлэж байна” гэх шалтгаанаар хэд хоног дааруулах бололтой. Учир нь, Орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын засвар 50 гаруйхан хувьтай яваа сурагтай.
Сургууль, цэцэрлэгийн засварын ажил дууссан гэдэг таатай мэдээ бий. Гэвч бас л худал ажээ. Хичээлийн дундуур засвар хийх, элсэгчдээ энэ сарын сүүлчээр авахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэг олон байна. Тэдний нэг нь 133 дугаар цэцэрлэг. Хэд хэн хоногийн өмнө засварын ажлаа эхлүүлсэн учир хүүхдүүдээ ирэх 12-ны өдөр авах гэнэ. Тавдугаар сард хүүхдүүдээ тараачихаад, зуны улиралд наадамлаад, наймдугаар сард бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон хэнэггүй зангаас болж хүүхдүүд сурах эрхээ хязгаарлуулж байгаа нь харамсалтай.
Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн 9.8 мВт-ын хүчин чадалтай халаалтын зуухны ажил санхүүжилтгүйн улмаас зогсчээ. Хүйтэн усны огтолгоо, шугам татах трасс, сургуулийн зуух хүртэлх гадна шугамын хөрөнгийг шийдэхгүй бол сурагчид осгож, бээрч болзошгүй нь. Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны 90 метр шугам, дулааны узель, түүнтэй холбох дулааны 12 метр шугамыг тавиагүй, нялхас өвлийг давахад бэрх байгаа гээд бэрхшээл мундахгүй нь.
Зургадугаар сар гарангуут Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн “Бүх салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ одооноос базаа” гэсэн үүргийг холбогдох албаныхан биелүүлэхээр зүтгэж, иргэдийг зунжин “чангаллаа”. Гэвч дээрх баримтуудаас өвлийн бэлтгэлээ цаасан дээр л базаасныг мэдэж болохоор байна. Тэгвэл иргэдийг бухимдуулах нэгэн гэнэтийн бэлэг нь халтиргаатай зам. Зам, талбайг халтиргаа гулгаанаас сэргийлэх, арчлах үүрэгтэй байгууллагууд бэлтгэлээ дөнгөж базааж эхлэв.
Ямар байгууллага аль гудамж, талбайн арчлалтыг хариуцахаа ч мэдээгүй байна. Наадамчдын гудамжны засвар, арчлалтыг өнгөрсөн онд “Улаанбаатар АЗЗА” хариуцаж байв. Хотын Ерөнхий менежер хуваарь гаргаагүй учир энэ өвөл хариуцах, эсэхээ тус байгууллагынхан мэдэхгүй байгаагаа хэлсэн.
Мөн тэдний нөөцөд одоогоор 58 тонн бодис, 67 тонн давс бий аж. “Хот тохижилтын газар”-т арван удаагийн цаснаар цацах л давс, бодисын нөөц бий гэнэ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын бэлтгэл ажил дөнгөж 50 хувь давж байгаа гэхээр хотын өвөлжилтийн бэлтгэл зуун задгай, жаран хагархай байгааг мэдэж болно.
Энэ өвөл хүйтний эрч тачигнаж, зуд болох тухай тавдугаар сараас ярьж эхэлсэн. Цас орсон давтамжийг нь тоолж, гэртээ дах өмсөн өнгөрөөх өвөл биднийг хүлээж байгаа бололтой.