Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзаж, Энхтайваны өргөн чөлөөн дэх уулзваруудаар зүүн гар тийш эргэхийг хориглох шийдвэрийг цуцлах үүрэг өгөв. Ингэснээр жолооч нар өнөөдөр 06.00 цагаас өмнөх зохицуулалтаараа хөдөлгөөнд оролцохоор боллоо. Үүнийг дагаад автобуснууд ч хуучин маршрутаараа явна.
“Шинэ зохицуулалтыг буруутгаж байгаа юм биш, гэхдээ зорилгоо биелүүлсэнгүй. Программ замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа хэмээн мэдээлж буй ч бодит байдал дээр иргэд үүнээс болж их бухимдлаа. Иргэдээс цахимаар санал асуухад олонх нь эсэргүүцсэнээс үүнийг мэдэж болно. Олон жил хэвшсэн дүрмийг нэг өдөр өөрчилж болохгүй. Цаашид ийм ажил зохион байгуулахдаа иргэдээс асууж байх нь зүйтэй” гэж хотын дарга хэлсэн юм.
Мөн энэ үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд авах арга хэмжээнүүдийг нийслэлийн Засаг дарга танилцуулав. Эхний ээлжинд Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөө, III сургууль, “Дөлгөөн нуур”-ын замыг өргөтгөхөөр болжээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөнд нүхэн гарц барих болсноо хэллээ.
Түүнчлэн нийслэлийн Тээврийн газарт байгууллагуудын түгээлтийн машинуудын явах цагийг 21.00-07.00 болгож өөрчлөх үүрэг өгөв. Улаанбаатар хотын төв замын ачаалал их байдаг нэг шалтгаан нь төрийн захиргааны байгууллагуудын төвлөрөлтэй холбоотой.
Тиймээс төрийн байгууллагуудыг Яармаг, Баянхошуу зэрэг дэд төв рүү шилжүүлэх санал боловсруулах үүргийг холбогдох албаныханд өгчээ. Мөн төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр нийтийн тээврээр зорчдог болгох нь зүйтэй гэлээ. Харин хувийн сургуулиудыг сурагчдаа зөөх автобустай болгох үүрэг нийслэлийн Боловсролын газарт өгөв. Ингэхдээ сургуулиудын автобусны үнэд хяналт тавьж, албаны машинаар хүүхэд зөөлгөхгүй байхад анхаарахыг онцлов.