СБД-ийн 1, 8 дугаар хороонд ил задгай худалдааг цэгцлэх, нүүлгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Тодруулбал, МУБИС-ийн автобусны буудал болон нүхэн гарцын ойролцоо зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс зогсоох тушаал гарсан. "Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлүүлэх тухай" актын хэрэгжилтийг хангуулахаар Мэргэжлийн хяналтын газар худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, нүүлгэх явц үргэлжилж байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үүднээс эрүүл ахуйн стандартын шаардлагад үл нийцэх бүтээгдэхүүн борлуулдагийг хяналт шалгалтаар тогтоосон. Худалдаа эрхлэгчид нүүлээ гэхэд "бидэнд очих газар байхгүй" гэж цагдаагийн албан хаагчдад эсэргүүцэл үзүүлсээр байна.
Хорин жил худалдаа эрхэлсэн Д.Отгон "Амьжиргаагаа залгуулдаг газраасаа хөөгдсөн учир дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байна. Ядаж байхад хичээлийн шинэ жил ойртсон энэ үед хөөлөө. Бидэнд одоо очих газар байхгүй" гэлээ.