“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр тойрсон дуулиан нэгээр тогтохгүй бололтой. Манай сонины 2017 оны наймдугаар сарын 29-ний мягмар гаригийн дугаарт “Хамелеон эмнэлэг буюу А.Цогцэцэг сайдын хаялга” нэртэй нийтлэл гарсан. Тус нийтлэлээр бид ЭМЯ болон бусад холбогдох байгууллагынхан Өрсөлдөөний тухай хууль зөрчин лабораториудыг иргэдэд тулган хуваарилсан, тоног төхөөрөмжгүй эмнэлэгт хүртэл хишиг тараасан талаар уншигчдад хүргэсэн билээ. Харин энэ удаа улс орон даяар 40-65 насны даатгал төлсөн иргэдэд үнэ төлбөргүй хийж буй элэгний вирус илрүүлэх, тоолох шинжилгээ стандарт, нормын дагуу явагдсан, эсэх, хариу нь хэр бодитой талаарх мэдээлэл хүргэхийг зорилоо.
Манай улсад 2016 оны байдлаар 40-65 насны 741.030 иргэн бий гэсэн судалгаа гарсан. Ийм насныхан элэгний вирусийн халдвар авсан байх магадлал хамгийн өндөр учраас эхний ээлжинд шинжилгээ хийж, оношилж, эмчлэхээр болсныг харьяа яамныхан нь онцолж байв.
Гэвч энэ насны иргэдийн олонх нь хаана, яаж шинжилгээ өгөхөө ч мэдэхгүй байтал ЭМНДЕГ-аас олгох таван тэрбум төгрөгийн санхүүжилт нь дуусаад бараг сар болж буй аж. Тиймээс санхүүжилттэй болтол зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэдэд элэгний вирус үнэ төлбөргүй тоолох шинжилгээ хийхгүй гэсэн үг. Тодруулбал, нэр бүхий 22 лаборатори дээрх насны иргэдэд үнэгүй шинжилгээ хийхээ сарын өмнөөс зогсоожээ.
741.030 иргэний 120 мянга орчим нь С вирустэй байх магадлалтайг элэг судлалын эмч нар хэлдэг. Одоогийн байдлаар 45-60 насны 45 мянга орчим иргэнд элэгний С вирус илэрсэн байна. Тэдний 20 хувийнх нь шинжилгээний хариу буруу байх ноцтой зөрчил илэрчээ. Тодруулбал, аймаг, сум, дүүрэг, өрхийн эмнэлэгт вирус тоолох аппарат байхгүй учраас бүгд тусгай зөвшөөрөл бүхий 22 лабораторид сорьцоо явуулж буй.
Алслагдсан сум, багийн иргэд тэр дундаа элэгний ямар нэг вирус илэрч, тоолуулах шаардлагатай болсон өвчтөний цусыг 7-14 хоног, түүнээс илүү хугацааны дараа Улаанбаатар хот дахь лабораторид хүргүүлж байгаа юм. Ихэнх лаборатори зориулалтын машинаар тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж, сорьц хүлээн авч буй ч энэ хүртэлх хугацаанд “но” гарахыг үгүйсгэхгүй. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн зорилтод бүлгийн иргэдийн сорьцыг 7-14 хоногийн дараа тоолуулах шинжилгээнд явуулж буй бол Өвөрхангай аймгийнхан ч ийм хугацаа зарцуулж байгаа гэнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотоос шинжилгээний хариу нэлээд хожуу ирж буйг ч дуулгасан юм. Газрын холоос зорьж, ганц хоёр хүний шинжилгээг явуулах боломжгүй учраас 100-500 хүн болгосны дараа сорьцоо тээвэрлэдэг аж. Ингэж тээвэрлэхэд ихээхэн учир бийг мэргэжлийн эмч нь ярив. Хэрэв тээвэрлэх явцад алдаа гарвал С вирусийн генийн мэдээллийг агуулсан утсан молекул болох РНХ задарч вирус тоологддоггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн явцад горимын ямар нэг алдаа гарахад шинжилгээний хариу вирустэй хүнийг вирусгүй, вирусгүйг нь вирустэй гэж буруу гаргах эрсдэлтэй.
Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн 2016 оны зургадугаар сарын 30-нд гаргасан С вируст гепатитын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар батлах тухай тушаалд цусны ийлдэсийг хасах 20-иос 70 хэм хүртэл гүн хөлдөөж хадгалах ёстой гэж заажээ. Мөн хуруу шилтэй цусыг тасалгааны хэмд дөрвөн цаг хүртэл хадгалж болох аж. Гэтэл манай сум, өрхийн эмнэлэг бүү хэл аймаг, дүүргийн эмнэлэгт ийм зориулалтын хөргөгч байхгүй гэнэ. Тодруулбал, ийлдэсийг долоо хоногоос нэг сар хүртэл хугацаанд хадгалж шинжилгээнд илгээх шаардлагатай бол хасах 20 хэмд хөлдөөнө, нэг сараас дээш хугацаагаар хадгалах бол хасах 70 хэмд хадгална гэж заасан байна.
Зарим аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн хэлснээр цусны ийлдэсийг хасах хоёроос найман хэмд хадгалан, шинжилгээнд явуулж буй гэнэ. “Элэгний вирус илрүүлэх, тоолуулах шинжилгээнд явуулах нь орон нутгийн зарим эмнэлгийн эмч, сувилагчдын хувьд шинэ зүйл учраас хасах хоёроос найман хэмд хадгалж буйгаа зөв гэж ойлгож байна. Угтаа бол хасах 20 хэмд хөлдөөж, зөөвөрлөх ёстой” гэж элэг судлалын эмч ярив. Зориулалтын хөлдөөгч байхгүй учраас зарим эмнэлэг ахуйн болон вакцин тээвэрлэдэг хөргөгчөө ашиглажээ.
Улаанбаатар хотод ч мөн ялгаагүй Өрхийн эрүүл мэндийн төвөөс иргэдийн цусны сорьцыг тээвэрлэхдээ стандартыг хангалттай сайн мөрдөхгүй байгаа аж. Вирус илрүүлэх нэг шинжилгээний өртгийг 2800 төгрөгөөр тооцон Өрхийн эрүүл мэндийн төвд санхүүжилт олгосон. Гэтэл энэ мөнгөндөө багтаан шинжилгээ хийж, тээвэрлэхэд хүндрэл гарсныг тэндхийн эмч нар ярив. Нийслэлд Өрхийн эрүүл мэндийн 142 төв үйл ажиллагаа явуулж байгаа ч цусны ийлдэсийг хасах 20 хэмд хөлдөөж хадгалдаг нь үгүй бололтой. Ялангуяа зуны халуунд сорьцыг зөв хадгалах, тээвэрлэхгүй бол шинжилгээний хариу буруу гарах аюултай гэнэ.
Шинжилгээний хариу нь буруу гарсан тохиолдол хэдэн зуугаар тогтохгүй илэрч буйг эх сурвалж дуулгасан. Энэ нь вирус тоолоход зарцуулсан таван тэрбум төгрөгийг салхинд хийсгэснээс ялгаагүй явдал юм. Мөнгөөр үнэлж баршгүй хохирлыг иргэдэд ч амсуулах аюултай. Шинжилгээний хариу нь буруу гарснаас болж иргэд эрүүл мэнд, сэтгэл санаа, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирно. Элэг дүлий эрхтэн учраас өвдөхөд ямар нэгэн зовиур илэрдэггүй. Тиймээс вирустэй гэдгээ мэдэхгүй, шинжилгээний буруу хариунд итгэн, эрүүл гэж бодсоор байгаад элэгний хавдартай болох, цаашлаад амиа алдах ч аюултай.
Тиймээс шинжилгээний хариу бодитой байх нь юу юунаас чухал байна. Сайн гэсэн хэд хэдэн лабораторид өөрийн биеэр очиж өгсөн шинжилгээний хариу зөрүүтэй гарсан тохиолдол бишгүй байхад Улаанбаатарын төвөөс хэдэн мянган бээрийн алсад суугаа малчных үнэн бодитой гэхэд итгэхэд бэрх. Холоос тээвэрлэж авчирсан, хадгалалтын горим зөрчсөн сорьцын хариу буруу, зөрүү гарч буй учраас 22 лаборатори энэ долоо хоногт багтаан тайлан мэдээллээ нэгтгэн гаргахаар болсон сурагтай.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон элэгний хатуурал, хавдар, нас барж буй хүний тоог бууруулах, үүний тулд вирусийн халдварын тархалтыг хяналтад авах явдал гэжээ. Энэ зорилгодоо хүрээсэй гэж монгол хүн бүр хүсэж буй. Гэхдээ үүнд хүрэхийн тулд хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх шинжилгээний хариугаа зөв, найдвартай, үнэн бодитой гаргахад онцгой анхаараасай. Шинжилгээ өгсөн 40-65 насны иргэд бүгд хариугаа авч амжаагүй учраас нэгдсэн дүн болон бодит байдлын талаар бид эргэн сурвалжлах болно.