Төв цэвэрлэх байгууламж ачаалалтай ажиллаж байна. Нэлээд хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас ийм байдалд хүрчээ. Арав хоногийн өмнө дунджаар 160.000 шоо метр бохир ус хүлээн авч байсан нь байгууламжийн хүчин чадлаас 10.000 шоо метрээр бага дүн учраас хэвийн ажиллаж байсан гэсэн үг. Гэтэл сүүлийн 10 хоногт тус байгууламжид ирэх бохирын хэмжээ огцом өсөж, одоогоор 195.000 шоо метрт хүрээд буй юм.
Бороо орох бүрт Улаанбаатар хотыг живүүлэх шахдаг үерийн ус гудамж, талбайгаар урсаж, Төв цэвэрлэх байгууламжид нийлдэг болохоор ачаалал нь нэмэгддэг аж. Улаанбаатар хотынхон 150.000 шоо метр цэвэр ус хэрэглэсэн байтал цэвэрлэх байгууламжид ирсэн бохирын хэмжээ 195.000 шоо метрт хүрчихэж. Нэмэгдсэн 45.000 шоо метр нь зам, талбайн шалбааг.
Түүнчлэн бороо орохоор хөрсний усны түвшин дээшилж, хуучирч муудсан шугам хоолойн залгаас заадлаар нэвчсэн байхыг ч үгүйсгэхгүй гэнэ. Үе үе нүд аньчих шахан улаанбаатарчуудыг айлгадаг Төв цэвэрлэх байгууламжийн “биеийн байдал”-ыг газар дээрээс нь сурвалжиллаа.
Ус, сувгийн удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Болдоос тус газар хэр ачаалалтай ажиллаж буйг лавлахад “Ачаалал гэдгийг бид хоёр үндсэн ойлголтоор авч үздэг. Нэгдүгээрт, байгууламжид ирж буй бохир усны хэмжээ. Хоёрдугаарт, ирж буй усан дахь бохирдлын найрлага. Усны хэмжээ улирлаас хамаараад ихсэж багасдаг. Энэ зуны тухайд хур бороо багатай байсан учраас 150.000-160.000 шоо метр ус цэвэрлэж байсан нь боломжийн үзүүлэлт.
Харин сүүлийн хэд хоног бороо орсны улмаас 40.000-50.000 шоо метрээр нэмэгдлээ. Усан дахь бохирдлын агууламжийн тухайд өвөл, зун гэж хэлбэлзэхгүй, жилийн дөрвөн улиралд жигд. Бид долоо хоног бүр шинжилгээний дээж авч, сарын болон жилийн дундаж үзүүлэлтийг гаргадаг. Ингээд тооцоход сүүлийн 4-5 жилийн цэвэрлэгээний дундаж түвшин 72-76 хувьтай гарч байна” гэсэн юм.
Тухайн өдөр цэвэрлэгээний түвшин 75 хувьтай байсан нь олон жилийн дундажтай дүйжээ. Хэр бохирдолтой ус ирэхээс хамаарч, уг үзүүлэлт өгсөж, буурч байдаг аж. Сүүлийн жилүүдэд байгууламж үргэлж хүлцэх хэмжээнээс 2-5 дахин их бохирдолтой ус хүлээн авах болсон нь цэвэрлэгээний түвшин буурахад нөлөөлжээ. Уг нь тус байгууламж бохирыг 90-92 хувь цэвэрлэх чадалтай.
Гэхдээ хүлцэх хэмжээнд тохирсон ус хүлээн авсан нөхцөлд л ийм амжилт үзүүлнэ. Анхнаасаа л зөвхөн ахуйн бохир цэвэрлэх зориулалтаар барьсан атал өдгөө үйлдвэрийн, урьдчилан цэвэрлээгүй хаягдал ус их ирэх болсон нь үйл ажиллагааг нь доголдуулж буйн гол шалтгаан гэнэ.
Үүний гол буруутан нь арьс ширний үйлдвэрүүд гэж зүхэх хүн олон. Гэтэл өдгөө хүнс, ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, сүү, ус, ундааны томоохон үйлдвэрүүд ч хувь нэмэр оруулж, бохирдол ихтэй усаа байгууламжид нийлүүлэх болжээ. 7-8 төрлийн үйлдвэр байгааг тус байгууллагынхан өөрсдөө судлан тогтоосон аж. Тэдний “ачаар” сүүлийн гурван жилд байгууламжид ирэх усны бохирдлын агууламж огт буурахгүй, тогтмол өсөж, цэвэрлэгээний түвшин багасдаг юм байна.
Төв цэвэрлэх байгууламжийн өмхий самхай хотоор нэг ханхалж буй нь иргэдийг бухимдуулдаг. Асуудал юунд байгааг, цэвэрлэх байгууламж үнэхээр цэвэрлэж чадаж буй, эсэхийг тус байгууллагынхнаас тодрууллаа. Байгууламжийн лагийг өдөрт хоёр удаа буюу өглөө, оройд шахдаг тул тэр үеэр муухай үнэр их ялгардаг юм байх. Тиймээс лаг шахах цагаар баг зүүж хэвших шаардлагатай болох нь, бүгдээрээ. Бохир усыг цэвэрлэхэд үлдсэн лагийг 44 хэсэг болгон хуваасан талбайд хатаадаг.
Түүнийгээ цэвэрлэхийнхэн 44 карт гэж нэрлэдэг бөгөөд нийт 15 га талбайг хамардаг. Тэр талбайд лагаа асгаж, байгалийн жамаар, ил хатаадаг учраас ихээхэн үнэр ялгардаг аж. Хоногт 1000 шоо метр лаг гардаг бөгөөд өчүүхэн хувийг ч боловсруулалгүй гадаа асгаж байгаа нь хот өмхийрөхөд томоохон хувь нэмэр оруулдаг. Анхнаасаа л лаг боловсруулах технологийн дамжлагагүй барьсан, 1964 онд байгуулсан цагаас хойш хуримтлуулсаар ирсэн гэсэн үг. Хатаах явцад зөвхөн өмхий ханхлаад зогсохгүй, лаганд агуулагдаж буй метан, аммиак зэрэг бодис ялгардаг.
Лагийн талбайд хлорын уусмал цацаж, модны үртсээр хучсаны хүчинд энэ зун өмхий үнэр арай бага байжээ.
Лаг хатах үйл явц 3-5 жил үргэлжилдэг гэнэ. Ил талбай дахь лаг арай гэж хатаж байтал бороо орчихвол дэвтээд, дахиад л үнэр тардаг. Эл үйл явц ээлжилсээр нэг карт дахь лаг ойролцоогоор 3-5 жилд арайхийн хатаж, чийггүй болдог. Чийггүй болсон лагийг картнаас нь гаргаж, талбайн урдхан овоолдог юм байна. Хэдийгээр хатсан ч овоолсон лагнаас ч бас тодорхой хэмжээний үнэр ханхалсаар байдаг. Жилд дунджаар зургаан карт дүүрдэг бөгөөд мөн тооны карт дахь хатсан лагийг хуулж, асгадаг. Төв цэвэрлэх байгууламж ажиллаж буй цагт тасралтгүй үргэлжлэх давтамжтай энэ үйл явцын нөлөөгөөр үнэр хотоор нэг тарсаар байна гэсэн үг. Талбайг хучих юм уу, битүү саванд лагаа хадгалахаас нааш өөрчлөгдөхгүй гэж мэргэжилтнүүд хэлсэн.
Үүнээс өөр шалтгаан ч бас үнэр тархахад нөлөөлдөг талаар Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Болд ярилаа. Тэрбээр “Цэвэрлэх байгууламжийн эргэн тойронд өлөн гэдэс боловсруулах үйлдвэр 5-6 бий. Зарим үйлдвэр өлөн угаадаг, зарим нь өнгөрийг хусаж аваад, гахай, нохойны хоол хийдэг юм байна. Хүмүүс Төв цэвэрлэх байгууламж муухай үнэртэй л гээд байхаас биш, манай эргэн тойронд байрлах 5-6 үйлдвэр ч үнэр ялгаруулж байгааг дурддаггүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой” гэсэн юм.
Өнгөрсөн онд болсон АСЕМ-ын өмнө байгууламжийн лагийн талбайгаас гарах үнэрийг дарж, арга хэмжээ авч болдгийг харуулсан туршлагатай. Бүр Засгийн газрын хэмжээний ажил болгон авч хэлэлцээд, улсын төсвөөс хөрөнгө гаргаж шийдэж байв. Гэхдээ ашгүй ажил дууслаа гэсэн шиг уг арга хэмжээ өндөрлөсний дараахан өмхий самхай үнэртээд эхэлсэн юм. АСЕМ-ыг угтан тус байгууламжид 25 төрлийн ажил хийхээр төлөвлөсний ихэнхийг гүйцэтгэж дуусчээ. Харин хур лагийг ариутгаж, халдваргүйжүүлэх, өдөр тутам шахаж буй түүхий лагийг үнэргүйжүүлэх гэсэн хоёр гол ажлыг дуусгалгүй, хэзээ амжуулах нь тодорхойгүй үлджээ. Ямар сайндаа л цэвэрлэх байгууламжийнхан нөөц бололцоондоо тулгуурлан лаг шахсан картууд дээр хлорын уусмал цацахын зэрэгцээ модны үртсээр хучиж буй аж.
Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг хугаслах, үйл ажиллагааг нь сайжруулах үүднээс хоёрдогч тунгаагуур хоёрыг барих, био цөөрөм ашиглалтад оруулах ажлыг 2013 онд БХБЯ-наас эхлүүлжээ. Био цөөрөм нь нэлээд томоохон байгууламж бөгөөд биологийн цэвэрлэгээ хийсэн усыг дахиж ариутгадаг. Уг нь 1980-аад онд био цөөрөм анх байгуулсан ч ашиглаагүй орхисныг 30 орчим жилийн дараа шинэчлэн засаж буй нь энэ. Хоёрдогч тунгаагуур нь бохир уснаас лагийг нь ялгадаг. Улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлсэн уг ажил өдгөө тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй хэрнээ энэ жил ч үргэлжилж байхтай таарав. Яамныхан хуралдаж, энэ онд багтаан дуусгахаар шийдвэрлэж, ажил өдгөө эрчимтэй өрнөж буй гэнэ лээ.
Их хэмжээний ус хуримтлуулж цэвэрлэгээ хийдэг задгай байгууламж 53 жил өвөл, зун, өдөр, шөнөгүй ажилласаар өдий хүрсэн тул байнга засаж тордох шаардлагатайг албаныхан онцолсон. Ойрд их засвар, шинэчлэл хийгээгүй ч жилийн жилд л төлөвлөгөө нормдоо тусган урсгал засвар хийдгийн ачаар амьтай голтой байлгадаг.
Хэвийн ажиллуулахын тулд УСУГ-аас өөрийн хөрөнгөөр жил бүр тодорхой хэмжээний засвар, үйлчилгээ хийдэг юм байна. Энэ жил 1.4 тэрбум төгрөгөөр 30 орчим төрлийн ажил хийхээр төлөвлөжээ. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж урсгал засвар хийх, шугам сүлжээ өргөтгөх, шинэчлэх ажлууд багтсан бөгөөд одоогоор 95 орчим хувийн гүйцэтгэлтэй, ажил үндсэндээ шувтарчээ. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр ирэх сард нэг аэротенкээ засах юм билээ.
Байгууламж нийт таван аэротенктэй бөгөөд өвлөөс урьтаж, нэгийг нь засахаар төлөвлөжээ. Үлдсэн дөрвийг дулаарангуут сайжруулах төлөвлөгөөтэй гэсэн. Аэротенк гэдэг нь биологийн цэвэрлэгээ хийдэг төхөөрөмж аж. Энэ мэт арга хэмжээ авч буй ч гал унтраах төдий, үндсээр нь өөрчлөхгүй л бол Улаанбаатар өмхийгөөсөө ангижрахгүй гэнэ лээ.