Бүрэн устсан өвчний тоонд орсон шүлхий 2000 онд манай улсад дэгдэж, 2001 онд нийслэлд анхны тохиолдол илэрч байв. Энэ онд Улаанбаатарт шүлхий өвчний хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар гурван хэсэгт хөл хорио тогтоолоо. Өнгөрсөн долдугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Серкболын мал шүлхийгээр өвчилж, тухайн орчмын 160 гаруй үхрийг устгаж, малтай өрхүүдийг нүүлгэн, хөл хориог хумиад байв.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Хан-Уул дүүргийн Х хорооны нутагт шүлхий гарч, хорио цээрийн бүсийг тэлэн, нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад хүрэв. Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Морингийн даваа орчимд очиж суурьшсан иргэн н.Цэвэгжавын хоёр үхэр шүлхийгээр өвчилж, 12 ам км талбайд хөл хорьж, тэндхийн 865 өрхийн 1888 хүн хорионд орсныг өчигдөр дуулгалаа. Эдгээр хүмүүс багадаа 14 хоног голомтын бүсээс гарахгүй нь.
Нийслэлийн нутаг дэвсгэрт мал адгуулж болохгүй. Гэвч өнөөдрийн байдлаар нийт 438 мянга гаруй мал байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Сонгинохайрханы 21, 32-оос бусад хороонд мал аж ахуй эрхлэхийг хориглосон боловч хориотой бүсэд 16 мянга гаруй бог, бод идээшиж буй гэнэ. Хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг малчин өрхүүдийг хотоос гаргахыг судлах явцад 257 өрх нүүхээ мэдэгджээ.
Иргэн н.Цэвэгжавын хоёр үхрийг устгасан ч шүлхийн гаралтыг зогсооход бэрх байгаа талаар нийслэлийн Онцгой комиссынхон хэлэв. Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүлхийтэй холбоотой найман захирамж гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч тархалтыг зогсоож чадахгүй байгаа нь холбогдох албаныхны ажлын хариуцлагагүй байдалтай уялдаатай гэв.
Тиймээс шүлхий намжтал нийслэлийн Онцгой комисс болон бусад албаныхныг амралтгүй ажиллах үүрэг өглөө. Шүлхийгээр өвчилсөн үхрүүд вакцин хийлгээгүй нь тогтоогдсон учир нийслэлийн Мал эмнэлгийн газрынхныг суурьшлын бүс дэх малыг нэгбүрчлэн шалгах үүрэг өгөв. Мөн Улаанбаатар хот руу орох, дайран өнгөрөх мал амьтны хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргаж, товчоод дахь хяналтыг сайжруулахаар болжээ.