Нийслэлийн 318 мянга гаруй иргэн ажлын өдөрт давхардсан тоогоор 760 мянган удаа нийтийн тээврээр үйлчлүүлдэг аж. Харин амралтын өдөр зорчих хөдөлгөөн 40 орчим хувиар буурдаг талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв. Автобусны төлбөрийн системийг цахимд шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл иргэд 1.3 сая “U money” карт худалдан авчээ.
Харин карт цэнэглэх цэгийн тоо харьцангуй бага буюу нийслэлийн хэмжээнд гэрээт 492 цэг, хэрэглэгчийн дөрвөн төв байгаа аж. Карт цэнэглэх, борлуулах гэрээт цэг автобусны зогсоол дээрх, эсвэл ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүдэд байдаг боловч эдгээр цэг нь дурын цагтаа онгойж, хаадаг учраас хүртээмж муутай. Тиймээс хотын удирдлагууд карт цэнэглэх цэгийн тоог нэмэхээр болжээ. Энэ онд тус цэгийн тоог 600-д хүргэх гэнэ.