Залуу жүжигчин Б.Энхсайханг “ТАНИЛЦ”-уулах гэж байна. Түүнийг үзэгчид Б.Тамирын найруулсан “Фантастик” продакшны бүтээл “18 нас: Би чамд хайртай”, “Хүмүүн фильм” студийн найруулагч А.Мөнхсүхийн “Бүү март”, найруулагч Б.Ханьсагийн “Дурлах санал” кинонд тоглосноор нь таньж буй биз ээ.
- Б.Энхсайхан Архангай аймагт төрж, өсжээ. Түүнийг аравдугаар анги төгсөхөд гэрийнхэн нь Улаанбаатар хотод нүүж ирсэн аж. Тэрбээр айлын том хүү. Хоёр охин дүүтэй. Дүү нар нь гадаадад сурдаг.
- Тэрбээр багадаа жүжигчин болно гэж бодож байгаагүй гэнэ. Харин цагдаа эсвэл инженер болно гэж боддог байжээ. Багаасаа морин хуурт тоглосон болохоор аав, ээж нь түүнийг хөгжимчин болгоно гэдэг байсан аж. Эмээ нь ч “Хүүгээ урлагийн хүн болно оо” гэдэг байжээ. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд л жүжигчин болохоор шийдсэн аж. Б.Энхсайхан “Хүн бүрт хүсэл мөрөөдөл бий шүү дээ. Минийх чадварлаг жүжигчин болох явдал” хэмээсэн юм. Тэрбээр одоо ч морин хуур тоглодог бөгөөд үүнийгээ бусад залуу жүжигчнээс ялгарах өөрийн давуу тал гэж үздэг гэнэ.
- Б.Энхсайхан дунд сургуульд байхдаа дуу цөөтэй хүүхэд байжээ. Тэрбээр өөрийн хүүхэд насны тухай “Морин хуураа үүрээд л явж байдаг хүү байв. СУИС-д ороод харин их нээлттэй болж, нүүр хагарсан. Гэхдээ чалчаа, сагсуу биш. Эзэмшсэн мэргэжил минь намайг илүү сайхнаар өөрчилж байна. Би цаг яс барьдаг. Эр хүн байна даа, бусдад амласандаа хүрэхийг хичээдэг. Худлаа ярих их дургүй” хэмээн ярьсан юм.
- Б.Энхсайхан 2012 онд СУИС-д элсэж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар багшийн шавь болжээ. Харамсалтай нь, түүнийг төгсөж амжаагүй байхад багш нь бурхан болж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж тэдний ангийг дааж авсан гэнэ. Ийм хоёр сайхан багштайгаараа тэрбээр үргэлж бахархдаг.
- Тэрбээр “Багш минь байнга “Чи жүжигчин болохын тулд жижигхэн зүйлд ч ач холбогдол өгч, дүрээ мэдэрч, өөр дээрээ төсөөлөн үнэнээр тоглох ёстой” гэж захидаг байлаа. Мөн “Жүжигчин хүн дүрийг жижиг, туслах гэж голох ёсгүй” гэдэг байв. Нэг удаа хичээл дээр дүрийн сургуулилалт хийж байлаа л даа. Гэтэл багш маань намайг нэлээд харж сууснаа “Энхсайхан, чи хулгай хийж үзсэн үү” гэж байна. Би ч “Үгүй” гэлээ. Гэтэл “Дараагийн хичээлд ирэхдээ үзчихээд ирээрэй” гэдэг юм байна. Нэг орой нөгөө дүрийнхээ тухай нэлээн бодлоо. Багшийн хэлснийг ч саналаа. Тэгээд л зориг гаргаад ээжийнхээ хэтэвчнээс мөнгө хулгайлчихсан. Тэгэж л дүрээ мэдэрсэн дээ. Дараа нь ээждээ үнэнээ хэлээд мөнгийг нь өгсөн. Жүжигчин хүн ёс зүйтэй байх ёстой” хэмээв. Тэрбээр мэргэжлээ ингэж үнэлдэг аж.
- Түүнийг оюутан байхад багш нар нь сонгодог жүжгийн гол дүр, эерэг дүр дээр ажиллах даалгавар өгдөг байжээ. Гэсэнч тэр У.Шекспирын “Ромео, Жульетта” жүжгийн Ромеод тоглож үзэхийг мөрөөддөг байв. Тэр мөрөөдлөө оюутан байхдаа биелүүлжээ. Харин одоо найруулагч нар түүнд ихэвчлэн эсрэг дүр оноодог.
- Тэрбээр “Фантастик” продакшны уран бүтээлчдийг хүндэлдэг аж. Тэднийг маш хөдөлмөрч залуус хэмээн үнэлдэг гэнэ. Түүнчлэн жүжигчин Д.Бямбацогт, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг гэхчлэн уран бүтээлчдээс үлгэр жишээ авдаг байна. Холливудын оддоос Зак Эфрон, Вин Дизелийн тоглосон киног үзэж, суралцах дуртай аж.
- Б.Энхсайхан их зарчимч. Энэ нь зөв хүн байх хичээдэгтэй нь холбоотой байх. “Хэзээ ч буруу замаар будаа тээхгүй, гаргасан шийдвэртээ үнэнч байж зорилгодоо хүрэхийн төлөө алхам алхмаар урагшлахыг хүсдэг” хэмээн ярьсан удаатай. Тэрбээр ээж, аавынхаа ач тусыг хариулж, мөрөөддөг амьдралаа босгохын төлөө чадлаараа зүтгэхийг хүсдэг.
- Тэрбээр залуу уран бүтээлчдийн тухай “Бидэнд ажын байр ховор шүү дээ. Зөвхөн манай төгсөлт гэхэд л 80 шахам оюутан жүжигчин мэргэжлээр диплом авсан. Гэтэл УДЭТ, орон нутгийн театрууд, хошин урлагийн продакшнууд гэсэн ажиллах газар бий. Тиймээс өрсөлдөөн ихтэй. Хэн авьяастай, аль сэргэлэн нь л олонд танигдаж чадна. Би мэргэжлийн урлагийн сургуульд маш цөөхөн атлаа чанартай жүжигчид бэлддэг байгаасай гэж хүсдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
- Тэрбээр фэйсбүүк https://www.facebook.com/enhsaihan.enhuush хуудсаа маш идэвхтэй хөтөлдөг. Найз нөхөдтэйгөө холбоотой байх, шинэ уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцах үүднээс ашигладаг байна.
- Б.Энхсайхан гэр бүл төлөвлөлтийн тухай “Одоогоор найз охингүй. Гэр бүл зохиоход яардаггүй” хэмээдэг.
- Тэрбээр “Монгол жүжигчид гадаадын зах зээлд хөл тавих боломжтой ч хэлний мэдлэг дулимаг учраас гологддог. Тиймээс гадаад хэл сурахад их шамдаж байна” хэмээсэн юм. Тэрбээр “Бондоолой” фильмийн найруулагч Г.Золжаргалтай хамтран “Хайрын түүх” гэж кино хийхээр төлөвлөжээ. Энэ намар киноны зургаа авч эхлэх аж.