Нийслэлд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон нь саяхан. Сонгинохайрхан дүүрэгт гэхэд уг өвчний халдвартай 129 үхэр устгасан. Тиймээс халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд малтай айлуудыг суурьшлын бүсээс гаргах ажлын хэсэг байгуулсан юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн мал бүхий иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсов.
Иргэд суурьшлын бүсээс зөвшөөрсөн газар руу нүүхгүй гэвэл төрөөс малыг нь худалдан авах гэнэ. Малыг нь худалдан авч борлуулахын тулд тус бүрт нь үнэлгээ гарган, судалгаа явуулах аж. Харин малаа суурьшлын бүсээс гаргаж, нүүхийг хүссэн иргэдэд зөвшөөрсөн 10 бүсэд газар олгож байгаа гэнэ. Тэр нь Багануур, Багахангай, Налайх болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уулын 12, 13, 14 Баянзүрхийн 11, 20 дугаар хороонд юм байна.
Суурьшлын бүсэд 16 мянга орчим мал бий. Шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараадаг нь тогтоогдсон. Уг өвчний вирус нь хүний хувцсанд гурван долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн очсон газрынхаа малд өвчин халдаадаг аж. Тиймээс 1.5 саяас дээш хүн амтай хотод мал оруулахгүй байхыг ДЭМБ-аас зөвлөдөг юм байна.