Ашиглалтад ороод удаагүй авто замууд эвдэрч, энд тэндээ нүхтэй болж буй нь тавьсан технологи, ашигласан материалтай нь холбоотой гэдэг. Олон жилийн настай, чанартай зам тавиулахын тулд өрөмдлөг хийж, суурь болон хучилтын зузааныг шалгадаг байсан ч сүүлийн жилүүдэд эл хяналт үгүй болжээ.
Тэгвэл нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Улаанбаатар хотын удирдлагууд үүнийг сэргээсэн аж. Ингэхдээ зам тавьсан байгууллагын санал болгосон бус, өрөмдөх цэгүүдийг 100-500 метрийн зайтай, түүврийн аргаар сонгох гэнэ. Үүний дараа суурь болон хучилтын зузаан шаардлагад нийцсэн, эсэхийг шалгах юм байна. Мөн зам тавихад ашигласан материалыг лабораторид шинжлүүлж стандартад нийцсэн, эсэхийг тогтоолгох аж.
Ингээд замын зузаан болон ашигласан материал нь шаардлагад нийцээгүй бол улсын комисс хүлээж авахгүй байхаар тогтов. Тус газрынхан нийслэлийн Мэргэжлийн хяналт болон бусад байгууллагатай хамтран шинэ лабораторид тоног төхөөрөмж суурилуулах бэлтгэлээ базааж байна.