Нийт нутгаар халж, зуншлага тааруу байгааг хэн хүнгүй харж, ярьж байна. Байгалийн давагдашгүй хүчний өмнө бид хэрхэх билээ. Ган гачигаас гадна хүний буруутай үйлдлээс болж зарим гол, булаг шанд ширгэх аюул нүүрлээд байгаа нь харин эмзэглэх сэдэв мөн билээ. Тэдгээрийн нэг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаар урсдаг Хараа гол. Энэ гол Хүйн голоос эх авч, Төв аймгийн Сүмбэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол сум, Орхон, Сэлэнгийн Жавхлант, Сайхан, Баянгол, Мандал сумын нутгаар урсдаг. Олон зууны турш мянга мянган хүн, мал ундаалж, 291 км зам туулан Орхон голтой нийлж, Байгал нуурт цутгадаг, гурав дөрөв салаалан урсдаг өргөн том гол. Тиймээс хоёр ч гүүр давж голын нэг эргээс нөгөөд гардаг байсан нь саяхан. Эрэг нь харагдахгүй битүү бургасны цаанаас урсгал нь шуугиж дуулддаг энэ голыг эргээ түрэн хальж, сүр хүчийг үзүүлэн үерлэдэг байсан гэхэд одоо хэн ч итгэхээргүй болжээ.
Голын ус гурван настай хүүхдийн шагай давахгүй шахуу болтлоо багасаж, хэд хэдэн газар тасран, урсгал нь татарсныг нүдээрээ үзэв. Эргийн наахнатай таардаг намаг нь хатаж, бургасуудыг нь хядаад дуусчээ. Насанд хүрсэн хүний цээжээр татахаар гүн устай Хараа гол өдгөө амь тавихдаа тулсны гол буруутан нь нутгийн иргэд. Түүнээс гадна Мандал сумын нутагт байрлах хорих 413, 433 дугаар ангийнхан хүмүүжигчдийнхээ хэрэгцээний ногоо тарихдаа Хараа голын голдирлыг өөрчлөн боож, усалгаагаа шийдсэн байна. Сүүлийн хэдэн жил энэ мэтээр голоос ногоогоо усалж буй аж.
...Хараад цутгадаг Орхироо, Дарьт, Ажнай, Шивэрт, Билүүт, Баавгайт, Уртын гол ширгэсэн байна. Дээрх шалтгаануудын улмаас Хараа голын урсгал дундарч, ширгэх аюул нүүрлэлээ...
Хорих ангийн удирдлагууд гол боож, ногоо услахдаа сумын удирдлагаас бус Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ус ашиглах зөвшөөрөл авчээ. Эрэг орчмоор нутагладаг малчид голд малаа тууж оруулсаар тэр орчмоо талхалж дууссан гэнэ. Дээрээс нь голын эрэг даган суурьшиж, ногоо тарьдаг иргэдийн хөлд намаг нь үрэгдэн хатжээ. Тэд бас голын усыг боож ногоогоо усална. Урин дулааны улиралд амрагч, аялагчид голыг багагүй бохирдуулдаг. Аялагчдын хаясан архины шил, ундааны сав, нийлэг уут, хог хаягдал голын эргээр битүү хөглөрөн харагдана билээ.
Энэ бүгдээс шалтгаан Хараа гол өнгөрсөн сард ширгэж үндсэндээ сайр болсон гэхэд хилсдэхгүй. Мандал сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гаргаж нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд шалгахад Хараа голыг 13 газарт боож, усыг нь татаж байжээ. Ажлын хэсгийнхэн боолтуудыг сэтэлж, эрэг орчмын хогийг цэвэрлэн, айл өрхүүдэд анхааруулга өгч, хорих ангийн удирдлагуудад дахин голдирол өөрчилж, ногоо услахгүй байх талаар албан бичиг өгсөн байна.
Үүний ачаар Хараа гол дөнгөж сэргэсэн ч ганцхан салаагаар урсаж, амьтай голтой төдий байгааг албаны хүмүүс хэлэв. Мөн “Хараа гол” дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхэлжээ. Нутгийн иргэд шалгалт дууссаны дараа дахиад голын усыг боож, ногоогоо усалж байгаа сурагтай. Мандал сумын ЗДТГ-ын дарга Д.Байгальмаа “Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас гадна байгалийн хүчин зүйл нөлөөлж байна.
Хоёр жилийн өмнө Хараа гол нэг хэсэг тасарч байсан. Ер нь хур бороо багатай жил голын урсгал татарч, тасалддаг. Энэ жил Мандал сум хэт хуурайшилттай, гантай байна. Дөрөвдүгээр сараас агаарын температур 25 градус хүрч халсан. Тавдугаар сард хэт халалт үргэлжилсэн. Зургаа, долдугаар сард 38, 39 градус хүрлээ. Хөрсөндөө 62 градус хүрч халсан. Манай сумын хүн ам олон, ЗДТГ-ын бүтэц, орон тоо бага. Хуурайшилтаас үүдээд ойн түймэр их гарлаа. Түймэрт хамаг анхаарлаа хандуулаад голын голдирол өөрчилсөн иргэдийг хянаж чадахгүй байна.
Хорих ангийн удирдлагуудад гүний худаг гарга гэсэн шаардлага удаа дараа тавиад байна. Тэд гол боож, ногоо услахдаа биднээс зөвшөөрөл авдаггүй. Мөн хорих ангийн мал бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байгаа” хэмээн ярив. Мандал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч “Хэсэг иргэн нөхөрлөл байгуулж, голын эрэг дагуу гурван га газар эзэмшин хайрга олборлож байгаа. Толгойтой болгон хүрз барьж ирээд Хараа голын хайрганаас авдаг байсныг болиулж, цэгцэлсэн нь энэ. Цаашдаа голын сав газраас хайрга олборлохыг зогсоож, үйлдвэр барих бодлого барин ажиллана” хэмээн ярьсан юм.
Нөгөө талаар Мандал сумын удирдлагууд Усны тухай хууль зөрчиж, голын эрэг дагуу ногоо тарих зориулалтаар болон зуслангийн газар ихээр олгосон байв. Хараа голын хоёр эргээр битүү ургаж байсан бургасны оронд айл өрх олноор суурьшжээ. Энэ зун тус суманд бороо хоёр удаа дуслах төдий л оржээ. Хараад цутгадаг Орхироо, Дарьт, Ажнай, Шивэрт, Билүүт, Баавгайт, Уртын гол ширгэсэн байна. Дээрх шалтгаануудын улмаас Хараа голын урсгал дундарч, ширгэх аюул нүүрлэлээ.
Мандалчууд ам бүл 26 мянгуулаа. Хүн амын нягтрал ихтэйн хэрээр малын тоо өсөж, бэлчээрийн даац нь тав дахин хэтэрчээ. Тиймээс Мандал суманд цөлжилт эрчимтэй явагдаж байна. Бэлчээрээс авахуулаад тариалангийн талбай нь элсэнд дарагдах болсон аж. Эл нутгийн хөрс нь үржил шимтэйгээрээ алдартай. Гэвч одоо элэгдэлд орж шим нь мууджээ. Өнөө жилийн ган гачиг тариалалтад нөлөөлж, ургац тааруу байгаа аж. Нутгийн тариаланчид “Энэ жил улаан буудай авч чадахгүй байх” гэж шүүрс алдахтай нэг бус удаа таарав. Ядаж л малын тэжээл болгочих хэмжээний будаа ургаасай хэмээн найдаж суугаа аж.
Эл нутгийн 70 хувь нь ойн бүс. Малаа бэлчээх газаргүй болсон малчид ойн сан руу малаа оруулах болжээ. Энэ зуны хуурайшилт мандалчуудыг багагүй нэрмэсэн байна. Найман ч газар түймэр дэгдэж багагүй талбайг хамарсан билээ. Түймэр ихэвчлэн хөвч буюу ойн шигүү хэсэгт гарчээ. ЗДТГ-ынхан, онцгой байдал, цагдаагийн ажилтнууд, байгаль орчны хяналтын улсын байцаагч, ой хамгаалагч бүгд хэдэн хэсэгт хуваагдан түймэр дэгдсэн газарт ажиллаж байгаа аж. Голомтод хоёр сар гаруй ажиллаж байгаа боловч өнөө хэр бүрэн унтрааж чадаагүй Хужирт, Буянт гэх газарт түймэртэй хэвээр байна.
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт гарсан түймрийг Мандал сумынхан унтраажээ. Сумын харьяанд байсан газрыг улсын хэрэгцээний тусгай газар хэмээн тасдаж авсан ч түймэр гарахад унтраах үүргийг сумын удирдлага хүлээдэг аж. Тэгсэн атлаа Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас литр шатахуун ч өгдөггүй гэх. Үүнээс гадна нутгийн ой хууль бус мод бэлтгэлд ихээхэн өртсөн гэнэ. Хууль бус мод бэлтгэлтэй олон жил тэмцэж байгаа ч ойн сангийн мод багассаар л байгаа аж. Сумын хэмжээнд байгаль орчны энэ мэт олон асуудал байгаа ч эдгээртэй гурван байгаль хамгаалагч, мөн тооны улсын байцаагч л тэмцэж байна.
Харин усны мэргэжилтэнгүй. Байгаль хамгаалах зургаан ажилтны гурав нь сумынхаа ЗДТГ-аас, үлдсэн нь Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газраас цалинждаг. Тиймээс аймгаас байгаль хамгаалагчид чиглэл өгч зарим ойн бүсэд “Хамгаалалтад гар” гэж үүрэгдэх нь цөөнгүй гэсэн. Түймэр гарсан үед голомтод ажиллах байцаагч хүрэлцдэггүй. Ийнхүү улсын байцаагч нар хоёр газрын харьяалалтай ажиллаж байна. Уг нь газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос шалтгаалан байгаль орчны хяналтын улсын байцаагчийг томилдог.
Энэ үзүүлэлтээр тооцвол Мандал сумын байгаль орчны байцаагчийн тоог хэд дахин нэмсэн ч болохоор. Тус сум есөн баг, хоёр тосгонтой. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо нэгдүгээрт ордог. Сум нь үр тариа болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр аймагтаа төдийгүй улсад дээгүүрт ордог. Гэвч тус сумын нутаг өнөө жил гантай, гундуу байна. Цөлжилт эрчимжиж, голууд ширгэж, түймэрч асч, агаар нь бохирджээ. Тэнд хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, байгалийн давагдашгүй хүчний нөлөөгөөр гамшиг болж байна.