Залуу жүжигчин У.Билэгт-Одыг “ТАНИЛЦ”-уулах гэж байна. Түүнийг үзэгчид хамгийн сүүлд “Big” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонд тоглосноор нь таньж буй биз ээ.
- У.Билэгт-Од 1995 оны гуравдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод төржээ. Айлын том хүү бөгөөд эрэгтэй дүүтэй. Түүний дүү У.Содбилэгт ч ахынхаа адилаар урлагийн хүн болох хүсэлтэй аж.
- Түүний аав, ээж урлагийн хүмүүс. Тодруулбал, түүний аав Ц.Ургамал ОХУ-ын ГИТИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсөж, Хүүхэд, залуучуудын театрт ажиллан, сүүлд МҮОНТ-ийн “Харц” нэвтрүүлгийг хөтөлдөг байсныг үзэгчид эчнээ мэднэ. Харин түүний ээж СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгссөн нэгэн аж.
У.Билэгт-Од багаасаа л дуучин юм уу жүжигчин болохыг мөрөөддөг байж. Дунд сургуулийн сурагч байхдаа МҮОНТ-ийн олон ангит хоёр ч кинонд тоглож амжжээ. Түүнийг урлагийн мэргэжил сонгож эзэмших шийдвэр гаргахад ээж нь хамгийн их дэмжиж, урам өгсөн гэдэг.
- Тэрбээр хүүхэд насаа III, XIII хороололд өнгөрүүлжээ. Жүжиглэхээс гадна дуулах, бүжиглэх, гитар тоглох авьяастай тэрбээр дунд сургуульд байхдаа хамтлаг байгуулж, уралдаан, тоглолтод оролцдог байжээ.
- У.Билэгт-Од СУИС-ийг 2016 онд Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, найруулагч Ц.Батнайрамдал нарын удирдлага дор хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгсчээ.
- Кино үзэх, тэр дундаа адал явдалт, тулаант кино үзэх тун хорхойтой. Өөрөө ч тэр төрлийн кинонд тоглох хүсэлтэй гэнэ. Тэрбээр сургуулиа төгссөнөөс хойш “Go” студийн найруулагч Д.Галбаярын “Шуугиан таригч”, найруулагч Б.Ганболдын “Завсарлаагүй хичээл”, “Big” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” уран сайхны кинонд тоглоод буй.
Тэрбээр “Найруулагч Д.Галбаяр ах намайг хэллэгээ зас гэж шүүмжилж байлаа. Тэр шүүмжийг шууд тусгаж, дасгал хийн, дараагийн кинонд тоглохдоо маш цэвэр хэллэгтэй болж чадсан. Уран бүтээлч хүн алхам тутамдаа бусдаас суралцаж, алдаагаа засаж, дахин давтахгүй байх ёстой” гэж боддог хэмээв.
- Тэрбээр “Миний гаднах төрх түүхэн баатрын дүрд хэзээ ч тохирохгүй. Яагаад ч юм, найруулагч нар намайг ихэвчлэн эсрэг дүрд тоглуулдаг. Тэр нь ч надад өгөөжтэй, олзуурхууштай санагддаг юм” хэмээлээ. Гэсэн ч тэрбээр эерэг, сайн талын дүрд тоглож үзэхийг хүсдэг аж.
- У.Билэгт-Од Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо, Жонни Депп нарын тоглосон кинонд дуртай. Монголын уран бүтээлчдээс Ц.Төмөрхуяг, С.Ариунбямба нараас үлгэр дуурайл явдаг аж.
- Ахлах ангийн сурагч байхаасаа K-pop урсгалд дурлаж, алдарт ”Big Bang” хамтлаг, тэр дундаа тус хамтлагийн гишүүн G-Dragon-ны шүтэн бишрэгч болжээ. Хөгжмийн энэ урсгалын хөнгөн хэмнэл, өвөрмөц байдал, этгээд хувцаслалт хамгийн их таалагддаг гэнэ.
Реппер, дуу зохиогч төдийгүй загвар зохион бүтээгч G-Dragon-ыг шүтдэг болохоор ч тэр үү, тэрбээр залуу жүжигчид дундаас хамгийн өвөрмөц стиль имижтэй харагддаг нь. Мөн Токиогийн загварын шоунуудыг харж, тэндээс хувцласлалтын өвөрмөц санаагаа олдог гэнэ.
- У.Билэгт-Од даруу байж, дүр эсгэлгүй амьдрахыг хүсдэг. Мөн “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг үгийг мөрдлөг болгодог. Аливаа асуудлыг маш удаан бодож, тунгааж байж шийддэг аж. Түүнчлэн эрсдэлтэй, аз туршсан зүйл хийхээс аль болох зайлсхийдэг.
Угаас тайван, дөлгөөн зан чанартай учраас хэт хурдтай, эрсдэлтэй спортоор хичээллэх, тийм үйлдэл хийхийг таашаадаггүй гэнэ.
- Тэрбээр фэйсбүүк (https://www.facebook.com/xxbeegiixx) хуудсаа маш идэвхтэй хөтөлдөг. Харин саяхнаас инстаграм хэрэглэж эхэлжээ. Тэрбээр “Хүмүүс янз бүрийн зорилгоор цахим хуудас хөтөлдөг. Ямар нэг этгээд үйлдэл хийж олны анхаарал татах гэсэн хүн байхад реклам, сурталчилгааны зорилгоор ашигладаг нэгэн ч бий. Харин би найз нөхөдтэйгөө холбоотой байх, шинэ уран бүтээлийн сониноо хуваалцахын тулд хэрэглэдэг” хэмээв.
- У.Билэгт-Од гэр бүл төлөвлөлтийн тухай “Одоогоор найз охингүй. Гэр бүл зохиоход яардаггүй" хэмээсэн юм.
- Тэрбээр 2007-2015 он хүртэл цагаан хоолтон байжээ. 2015 оноос хойш долоо хоногийн хоёр юм уу гурван өдөр мацаг барьж, цагаан хоол иддэг болсон.
- Энэ зун тэрбээр СУИС-ийг хамт төгссөн нэгэн үеийн найзуудынхаа хамт дэлгэцийн уран бүтээл хийхээр төлөвлөжээ. Энэхүү шинэ киноныхоо зургийг Улсын баяр наадмын дараагаас авч эхлэх гэнэ.