Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт барьж байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторийн барилга дээр ажилладаг хятад иргэд манай цагдаагийн алба хаагч, ажилчдыг зодож танхайрснаас гадна “Хөх Монгол” бүлгэмийн хоёр хүн гэмтээсэн хэргийг шалгах ажил үргэлжилсээр байна. Зодоонд тэргүүлэн оролцсон БНХАУ-ын зургаан ажилчныг Ганцхудагт саатуулсантай зэрэгцээд БНХАУын Засгийн газрын төлөөлөгчид саяхан ирж, манай албаны хүмүүстэй уулзжээ. МХЕГ-ын Төв лабораторийн барилгыг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж буй бөгөөд ажиллаж буй хятадууд ч энэ шугамаар манайд ирсэн билээ.
Тиймээс Монголын төрийн бус байгууллагууд, үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэ барилгын ажлыг цаашид хэрхэн үргэлжлүүлэх, хятад ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах, Монголын төрийн албан хаагчийг зодсон хятад иргэдийг хуулийн хүрээнд шалгах талаар ярилцсаныг албаны эх сурвалж хэллээ. Мөн энэ зодооны үеэр гэмтэж бэртсэн иргэдэд нэг сая төгрөгийн тусламж үзүүлсэн гэсэн мэдээлэл байна.