Гадаад харилцааны яамны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын дэд дарга Д.Долгормаагийн өрөөнөөс их хэмжээний мөнгө алдагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Хэрэг энэ сарын 19-нд гарсан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаа, Улсын мөрдөн байцаах газрынхан хэргийн газарт нэг цаг гаруй үзлэг хийсэн юм. Тэд дэд даргын өрөөнөөс үүдний жижүүр хүртэлх бүхий л онгорхой цоорхой болгоныг нэгжиж, эрэлч нохойгоор мөрдсөн ч үр дүн гарсангүй ээ.
Аргаа барахдаа Д.Долгормаа даргын өрөөнд тэр өдөр орж, цэвэрлэгээ хийсэн үйлчлэгч, цай зөөгчийг сэжиглэн хэлтэс рүүгээ авч явжээ. Хоёр бүсгүйг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт аваачин байцааж, “Бүх юм тодорхой болсон, авсан мөнгөө гаргаад өгчих” хэмээн хэрэг хийсэн ялтантай харьцаж байгаа мэт тун бүдүүлэг зан гаргажээ. Түүгээр ч зогсохгүй тэдний гэрт нь очиж, нэгжлэг хийгээд юу ч ололгүй буцсан байна. Хэргийн талаар тодорхой мэдээлэл авахаар маргааш нь 12.00 цагийн үед бид ГХЯ-нд очсон юм.
Гэтэл “Алдагдсан мөнгө Д.Долгормаа даргын өрөөнөөс олдчихсон гэнэ. Ашгүй дээ, санаа амарлаа” гэх ажилчид энд тэндгүй шуугилдаж байв. Сураг сонсвол дэд дарга мөнгөө шүүгээндээ хийгээд “мартсан” гэнэ. Үнэхээр сонин юм. Д.Долгормаа дарга барьсан тавьсанаа мэддэггүй уймраа нэгэн байж гэж бодоход Сүхбаатар дүүргийн цагдаа, Улсын мөрдөн байцаах газрынхан яачихсан улс байх вэ.
Бүхэл бүтэн мэргэжлийн баг, нэг цаг гаруй хайгаад олдоогүй мөнгө нь зүгээр л шүүгээнд нь байсныг тэд харсангүй гэж үү. Хэрвээ манай улсын мөрдөн байцаах албаныхан иймэрхүү байдлаар ажилладаг бол өдий төдий гэмт хэрэг илрэхгүй байгаагийн шалтгааныг мэдэж цөхөх юм алга. Тэд ч ажлаа хэрхэн “сайн” хийдгийг дэд дарга Д.Долгормаагийн бяцхан “тоглоом” ганц сайн шалгаж өгсөнд талархмаарч юм уу.
Алдсан мөнгөө хэрхэн олсон талаар нь Д.Долгормаа даргаас тодруулахад “Үнэт эдлэл хийдэг са вандаа хийчихсэн байж, мөнгөө олчихоод цагдаагийнханд хэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх байх. Тиймээс өөр зүйл хэлж чадахгүй нь” гэв. Түүний ярианаас харахад тэрбээр чамгүй үнэт эдлэлтэй нэгэн бололтой. Тиймдээ ч гэртээ хадгалахаас эмээж, төрийн хамгаалалттай ажлынхаа өрөөнд “нуудаг” юм байх.
10 сая төгрөг ямаршуухан овор хэмжээтэй билээ. Түүнийг багтаасан хайрцаг хэр том байх вэ, гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаа, Улсын мөрдөн байцаах газрынхан түүнийг нь үнэхээр олсонгүй юу, эсвэл ГХЯны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын дэд дарга Д.Долгормаа золигтов уу? Энэ талаар ГХЯ-ны томоохон албан тушаалтнаас (тэрбээр нэрээ нууцлахыг хүсэв) тодруулахад,
-Юутай ч мөнгө нь олдчихлоо. Д.Долгормаа даргын хэлж буйгаар цаасан хайрцагт хийгээд шүүгээн дотроо тавиад мартсан гэнэ.
Бид нэг зүйлийг гайхаад олохгүй юм. Цагдаагийнхан өчигдөр ирээд өрөөнд нь цаг гаруй үзлэг хийж, мөнгө байж болох бүхий л газрыг нь онгичиж үзсэн. Гэтэл юу ч олдоогүй. Гэтэл өнөөдөр шүүгээнд нь байж байна гэх юм. Үнэхээр тэнд нь мөнгө байсан юм бол ил цагаан Д.Долгормаа даргын мөнгө “НУУСАН” тоглоомд цагдаагийнхан бүдэрч, энгийн иргэд хэлмэгдэв байсан зүйлийг олохгүй тусгай албаны цагдаа, нохой байна гэдэг байж боломгүй юм. Гэхдээ энэ асуудлыг зүгээр нэг орхичихгүй цааш нь шалгуулах болно.
Манай хоёр үйлчлэгчийг тэрхүү мөнгийг авсан хэмээн хулгайд сэрдэж, шөнөжин байцааж, гэрт нь очиж нэгжлэг хийсэн байна лээ. Тиймээс ажилчдынхаа нэр төрийг сэргээлгэх болно” гэв. Харин энэхүү үйл явдалд Сүхбаатар дүүргийн цагдаагийн мөрдөн байцаах хэлтсийнхэн тайлбар өгөхийг хүссэнгүй. Магадгүй тэд Д.Долгормаагийн мөнгө “нуусан” тоглоомд хожигдсондоо ичээ байлгүй дээ.
Дэд даргын өрөөнөөс алдагдсан их хэмжээний мөнгийг авсан хэмээн сэрдэгдэж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 04.00 цаг хүртэл байцаагдсан үйлчилгээ аж ахуйн газрын үйлчлэгч бүсгүйчүүдээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Тэр өдөр Д.Долгормаа даргын өрөөнд хэдэн цагийн үед орсон бэ. Мөнгө яг хэдийд алдагдсан болоод та нарыг сэжиглэв?
-Бид 11.00 цагийн үед өрөөнд нь орж, цэвэрлэгээ хийн цай өгсөн. Мөнгө хэдэн цагийн үед алга болсныг байтугай байцаалт өгч байхдаа ч алга болсон зүйл нь мөнгө байсныг мэдээгүй. Сүүлд нь сонсоход мөнгөө алдсанаа 16.00 цагийн үед мэдэж, 17.00 цагт цагдаа дуудсан юм билээ.
-Сүхбаатар дүүргийн цаг даагийнхан та хоёртой маш бүдүүлэг харьцсан гэж дууллаа.
-Тийм ээ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагчид болон Улсын мөрдөн байцаах газрынхан үнэхээр бүдүүлэг харьцсан. Тэр мөнгийг бид хоёр авчихсан аятай. Ер нь Д.Долгормаа даргын хүмүүс байсан гэхэд нээх буруудахгүй болов уу. Түүнчлэн үйлчлэгч нар гэхээр л хүний хэлснээр байх ёстой юм шиг дээрэлхэн босч, суухыг минь хүртэл хориглож байлаа. Бид нэг зүйлийг гайхаад олохгүй юм. Өч төчнөөн цаг хайгаад олоогүй мөнгө маргааш нь гараад ирлээ. Үнэхээр шүүгээн дотор нь байсан юм бол мөрдөн байцаагч нар яагаад тэр мөнгийг нь олдоггүй юм. Бидний бодлоор тэр мөнгө яавч шүүгээнд нь байгаагүй байх.
-Та хоёрыг хэдэн цаг байцаав, гэрт чинь нэгжлэг хийсэн гэсэн үү?
-04.00 цаг хүртэл байцаасан. Нэгжих ямар ч зөвшөөрлийн бичиггүй байж, бидний гэрт нэгжлэг хийн, хамаг эд хогшил ийш тийш нь тарааж, юу ч үгүй болгосон. Цагдаагийн байгууллага иргэдтэй үнэхээр аймаар харьцдагийг өөрсдийн биеэр мэдэрлээ. Зүгээр л айлган сүрдүүлснийх нь төлөө “Би авсан” гэж хэлэх нь холгүй тийм байдалд оруулдаг юм байна. Цагдаагийнхан ч гэлтгүй Д.Долгормаа дарга ч гэсэн албан тушаалаа урвуулан ашиглаж, биднийг дарамталдаг байсан. Тиймээс биднээс уучлалт гуйх ёстой. Мөнгөө олсныг мэдээд өрөөнд нь яваад ороход Долгормаа даргын охин нь ирчихсэн “Та нар юу гээд байгаа юм, ээж рүү битгий дайраад бай. Гарцгаа” гэж орилсон. Гэтэл тэр охин биш бид ажил дээрээ байгаа биз дээ. Охин нь бидэн рүү тэгж хашгирчихаад ичих ч үгүй мөнгөө тоолоод зогсоод байсан гээд боддоо. Тэр мөнгө нь монгол мөнгөөр 10 сая төгрөгтэй тэнцэхүйц юань байсан.
-Мөнгө алба, амины аль нь байсан юм бэ?
-Хувийнх нь мөнгө гэсэн. Тэр хүн яагаад тийм их хэмжээний мөнгийг албан өрөөндөө хадгалдаг юм бүү мэд. Юутай ч Д.Долгормаа даргыг биднээс уучлалт гуйж, нэр хүндийг минь сэргээж өгөхийг хүсэж байна. Гэрт очиж нэгжлэг хийхэд ямар аймаар байсан гэж бодно. Аав ээж, үр хүүхэд, хань, хажуу айлынхан гээд бүгд харж байсан. Эцэг эхэд маань “Охин чинь хулгай хийсэн” гэсэн үг сонсох ямар хүнд байсныг Д.Долгормаа дарга даанч мэдэхгүй байна гэж байв.
Ийнхүү ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын дэд дарга Д.Долгормаагийн өрөөнөөс алдагсан гэх 10 сая төгрөг чамгүй олон зүйлийг өгүүллээ. Барьсан тавьсанаа мэддэггүй ийм дэд дарга ер нь байх хэрэгтэйч юм уу, үгүй ч юм уу. Дам сонсох нь Д.Долгормаа дарга манай томоохон улс төрчийн ивээлд явдаг нэгэн гэнэ.
Д. Эрдэнэцэцэг