“Улаан ном”-д ороход ойрхон байгаа баавгай, буга, хүдэр агнаж эд эрхтнийг нь хил давуулахыг завдсан хүмүүсийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн оны аравдугаар сарын 12-нд Төв аймгийн нутгаас баривчилсан юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүр гийн VII хороонд оршин суух Г.Ганчимэг гэдэг эмэгтэй нөхөр Н.Оюунбаатарын хамт 14-64 УБИ улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашиндаа дээрх амьтдын түүхий эдийг ачин Замын-Үүд рүү явж байхад нь цагдаагийн ажилтнууд саатуулсан.
Үзлэгийн явцад тэд баавгайн 52 ширхэг савар, бөхөнгийн эвэр 11, хүдрийн заар 15, согооны сүүл 124, бугын чив 60 ширхгийг тээвэрлэж явжээ. Г.Ганчимэг нь барилгын материалын ченж гэх боловч хулгайн анчдаас болон ОХУ-ын иргэдээс дээрх ангийн түүхий эдийг худалдан авсан гэдгээ хүлээсэн байна. Хулгайн анчид, тэднээс ангийн эд эрхтэн авч, хилээр гаргадаг хүмүүсийн уршгаар буга, баавгай, хүдэр манай улсын “Улаан ном”-д ороход тун ойрхон байгаа.
Байгаль орчны экологи, эдийн засгийн үнэлгээгээр нэг буга 2.5-3 сая, хүдэр дөрвөн сая, баавгай 2.5-3.5 сая төгрөг байдаг аж. Тэгэхээр 100 гаруй буга, 13 баавгай, дөрвөн хүдрээс Монгол Улсад хэдий хэмжээний хохирол учирсан нь тодорхой болно. Гэвч энэ хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүс байгаль орчинд учруулсан хохирлоо төлөөгүйгээр барахгүй шүүхээс торгох ялаар л шийтгүүлээд өнгөрчээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцсэн бөгөөд шүүгдэгч Г.Ганчимэг “Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн аравдугаар сар хүртэл дээрх эд зүйлийг худалдан авсан. Ингэхдээ ОХУ-ын иргэдээс баавгайн 52 савар, бөхөнгийн 11 эвэр, хүдрийн 15 заар, согооны 124 сүүл, бугын 60 чив худалдан авч хадгалж байгаад Хамрын хийд, Замын- Үүдээр дамжин Эрээнд худалдах гэж байсан” хэмээн мэдүүлжээ.
Уг хэрэгт Б.Гантөмөр, Д.Гансүх, П.Наранбаатар нарыг хулгайн ан хийсэн гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон ч хоёр нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж П.Наранбаатар хоёр удаагийн үйлдлээр хүдрийн есөн ширхэг заарыг нэг бүрийг нь 150-200 мянган төгрөгөөр Г.Ганчимэгт худалдсан гэдгээ хүлээсэн аж.
Тиймээс Г.Ганчимэгийг 3.1 сая, П.Наранбаатарыг 2.3 сая төгрөгөөр торгохоор шүүх шийдвэрлэжээ. Харин шүүхийн тогтоолд тэднийг улсад төлөх төлбөргүй гэж тогтоосон байна.