Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хятадын барилгын компанийнхан харуул хамгаалалтын албаны ажилчид болон хэв журам сахиулахаар очсон цагдааг зодон танхайрч, тархинд нь хүнд гэмтэл учруулсан билээ. Энэ хэргийг хэрхэн шийдэх нь тодорхой бус байхад монгол хүнийг харийнхан зодсон хэрэг дахиад гарлаа. Өнгөрөгч пүрэв гаригт Гэмтэл согог судлалын төвд зөөлөн эд болон хөл, тархиндаа гэмтэл авсан 31 настай Э ирсэн аж. Тэрбээр солонгос иргэдэд зодуулсан гэж тус эмнэлгийн цагдаад хэлжээ. Мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Сүнжин гранд” буудалд байхад нь архи ууж согтуурсан залуус түүнийг зодож танхайрсан юм байна. Танхайрсан Солонгосын гурван иргэнийг саатуулан Баянзүрх дүүргийн цагдаагийнхан шалгаж эхэлжээ.