Өвөрхангайн Хархорин сумаас Архангайн төв хүртэлх хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгох ажил гүйцэтгэж буй “Алтайн зам” компанийн карьерийн үйл ажиллагааг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаанаас шалгаж, үйл ажиллагааг нь зогсоожээ.
Зам засварын явцад уг компани Хотонт сумын Баянгол багийн Хундын хоолойн аманд карьер ухаж эхэлсэн байна. Уг газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг бөгөөд ашигт малтмал олборлохыг хориглосон аж. Гэтэл уг компанид хайрга олборлох зөвшөөрлийг энэ онд Хотонт болон Хархорин сумын засаг дарга нар олгосон нь Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 18.1.1, 12.1 дэх заалт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10 дахь заалтыг зөрчсөн байна.
“Дээрх хуулийн хэрэгжилтэд сумдын засаг дарга нар хяналт тавих эрхтэй боловч хойрго, хайнга хандаж байна” гэж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч, байцаагч Д.Эрдэнэчимэг хэлэв.