Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Ингэснээр “Мөргөлийн эгшиг” дууг анх удаа хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бурхандаа тахил хүндэтгэл үзүүлсэн юм. Үүнээс хойш энэхүү хүндэтгэл ёслолын үйл ажиллагааг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар 17 дахь хавраа угтаж байна.
Энэ жил мөн Манба Дацан хийдэд энэ сарын 5-нд буюу ням гарагийн 12:00 цагт Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, “Мөргөлийн эгшиг”-ийг эгшиглүүлэхээс гадна Манба Дацан хийдийн лам хуваргууд Манла бурханд тахил өргөн, түмэн олноо даатган хурах юм. Тиймээс сүсэгтэн олон та бүхэн хүрэлцэн ирж, Шинийн наймны хурал номыг даган баясахын зэрэгцээ Морин хуурын чуулгын тоглолтыг үзэн сэтгэлийн цэнгэл эдлээрэй.
Манла бурхандаа дуун эгшиг өргөж, ард түмнийг өвчин зовлонгүй эрүүл энх байхын тухайд даатгадаг энэхүү үйл ажиллагааг сүсэгтэн олон минь хүсэн хүлээж, жил ирэх бүр олон уран бүтээлчид нэгдэн, сэтгэлийн өргөлөө өргөж байгаа юм. Энэ жил МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг эгшиглүүлэхээс гадна Уртын дуучин, СТА Б.Мөнхбаатар, дуучин, СТА Ө.Цэрэнчунт, Б.Дэлгэрбаяр зэрэг уран бүтээлчид дуу хуураа хүргэх юм.