МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА
М.ЭНХБОЛД ТАНАА
Хүсэлт хүргүүлэх тухай
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил удаа дараа ноцтой мэдэгдэл хийж, Монгол Улсын ашиг сонирхол, Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
1. Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд харшилсан мэдэгдлүүдийг хийв. 2016 оны 11 дүгээр сард XIV Далай лам Данзанжамц шашны хэргээр Монголд айлчилж, сүсэгтэн олонд ном айлдсаны төлөө БНХАУ-д хандан Монгол Улсын нэрийн өмнөөс удаа дараа уучлал гуйж, харамсаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Далай ламыг дахин айлчлуулахгүй гэж мэдэгджээ. Түүний энэ мэдэгдлийг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улс Хятадын нөлөөнд орсны илрэл гэж мэдээлж байна.
2. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөг нэн бүдүүлгээр зөрчив. Үндсэн хуулийн II бүлгийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” бөгөөд энэ эрх чөлөөг “баталгаатай эдэлнэ” гэж заажээ. Гэвч сайд Ц.Мөнх-Оргил “Далай лам энэ засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Монголд айлчлахгүй гэж ойлгож болно” гэж нийтэд мэдэгдсэнээрээ Монголын иргэдийн шашин шүтэх эрх чөлөөнд ноцтой халдав.
3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж, улсын аюулгүй байдалд аюул учруулж байна. Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс иргэний хоёрдмол харьяаллыг зөвшөөрсөн хууль УИХ-аар батлуулах үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Гэвч энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.3.3-т буй “Хоёрдмол харьяалал үүсч, төрөөс иргэдийн ашиг сонирхлыг хамгаалах баталгаа алдагдахаас сэргийлнэ” гэсэн хэсгийг шууд зөрчиж байна. Хэрэв Монгол Улс хоёрдмол харьяаллыг зөвшөөрвөл, гадаад улсын иргэд Монголын төрд алба хашиж, төрийн чухал мэдээлэлд нэвтрэх эрхтэй болох төдийгүй шинэ хуулийг дагалдаад Монголын олон чухал хуулиуд, олон улсын гэрээнүүдэд өөрчлөлт орж, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой олон үр дагавар бий болохоор байна.
4. Монгол Улсын хилийн бүсэд Хятадын иргэдийг жуулчны гэх тусгай үнэмлэхээр бөөнөөр оруулж ирэх хэлэлцээг БНХАУ-тай хийж байна гэж эх сурвалж мэдээлэв. Хэвлэлийн эх сурвалжуудын мэдээлснээр, 2016 оны 11 дүгээр сараас “Хятадын иргэд бүлгээрээ хил орчмын нутгаар “аялал жуулчлалын үнэмлэхээр зорчих нөхцөлийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тухай хэлэлцээрийн төсөл боловсруулах, БНХАУ-ын талтай хэлэлцээ хийх ажлыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хариуцан ажиллаж байна.
Монгол Улсын эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд хортой үйлдлүүдийг удаа дараа хийж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн бөгөөд МАН-аас байгуулсан Засгийн газрын гишүүн тул “Дархан Монгол Нэгдэл” МАН-д хандан сайд Ц.Мөнх-Оргилын дээрх үйлдлүүд МАН-ын бодлого, үйл ажиллагаа, байр суурийн илрэл мөн эсэхийг тодруулан асууж, энэ тухай албан ёсны хариуг ажлын арван хоногийн дотор бичгээр өгөхийг хүсэж байна.
ДМ #НЭГДЭЛ
Улаанбаатар 2017.02.02