Давосын ЭЗФ /эдийн засгийн форум/ -ын суурийг анх 1971 онд Жөнэв хотод нийгмийн зүтгэлтэн Клаус Шваб санаачилжээ. Тэрээр улс төр, бизнесийн зүтгэлтнүүдийг нэг дор цугларан дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн зөвлөлдөж зөв шийдвэр гаргуулах зорилго өвөртөлжээ.
Цөөхөн үгээр илэрхийлбэл маш богино хугацаанд болж өнгөрдөг энэхүү арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид бүтэн өдрийн туршид энд тэндгүй төрөл бүрийн асуудлуудыг хэлэлцэн, оройдоо олон янзын амттан зоог барьсан үдэшлэгээр дамжин, шөнийн турш үргэлжлэх зугаа цэнгэлийн уур амьсгалаар өндөрлөдөг байна.
Энэ жил Их Британи улсын ерөнхий сайд Тереза Мей, Лондон хотын дарга Садик Хан, Фэйсбүүкийн ерөнхий захирал Шерил Сандберг, Олон улсын Валютын сангийн удирдах захирал Кристин Лагард, мөн тус улсад албан ёсны айлчлал хийж буй Хятад улсын дарга Си Цинпин болон харилцан яриагаараа үзэгчдийг алмайруулж байдаг английн нэрт бизнесмэн, алдарт хөтлөгч Джэйми Оливер нар оролцож байгаа нь уулзалтын онцлох зочид байлаа.
Голливудын жүжигчин Матт Дэймон хөгжиж буй орнуудад хийж буй цэвэр усны төслийн ажлуудынхаа тухай хүүрнэсэн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри дипломат ёс-урлагын тухай ярьж санал солилцов.
Жүжигчин Форест Вайтэйкер, дуучин Шакира, хийлч Анн-Софи Муттер нарыг дэлхий нийтийг хамарсан цар хүрээтэй арга хэмжээнүүдэд тогтмол оролцон, оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлэн БОЛОР шагналын эздээр тодруулав.
Оросын олигархи, тэрбумтан Чубайсаар тэргүүлсэн намын төлөөлөгчид, компаний захирлууд асар үнэтэй дарсыг ус мэт залгиж байсан нь бас нэг онцлох цэг байв.
Байнгын зочид, жуулчдынхаа хамтаар 11 000 хүн амаас хэтэрдэггүй энэ жижигхэн хотхонд зочилсон гадаадын 2500 зочдын амь нас, аюулгүй байдлыг ханган швейцарийн цэрэг, цагдаагийн 4500 албан хаагчид хамгаалалтанд ажилласан бөгөөд тэдний цалин хөлсөнд 8 сая франк зарцуулагджээ.
ЭЗФ уулзалтанд оролцох хөлс нь оролцож байгаа орнуудынхаа гишүүнчлэлийн зэрэглэлээс хамаарч харилцан адилгүй байдаг. Байнгын гишүүнчлэлтэй улс орнууд уг уулзалтанд оролцох урилгаа 68 000 швейцар франк төлж авдаг. Гэхдээ энэ нь зөвхөн хязгаарлагдмал үйл ажиллагаанд оролцох төлбөр юм. Давост болж өнгөрөх бүх арга хэмжээнүүдэд оролцох компаниуд түүнээс ч илүү их төлбөр төлөх журамтай.
Бэлтгэсэн: Ж.Зоригт