Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Налайхын нүүрсний их уурхай үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой өчигдөр тохиолоо.
Уул уурхайн ажилчдын баярын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Налайх дүүрэгт байрлах Монгол улсын Хөдөлмөрийн ууган баатар Д.Даваажав болон Уурхайчдын алдрын хөшөөнд дүүргийн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөл цэцэгөргөж, хүндэтгэл үзүүллээ.
Мөн Уурхайчдын баярын хурал болж Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засагдарга Ч.Раднаабазар, Хөдөлмөрийн баатар Т.Окобал, Ч.Пүрэвээ, гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн, Ц.Жанчивболонахмад, дунд, залуу үеийн уурхайчдын төлөөлөл оролцсон юм.
Уурхайчдын баярын хуралд шагналын хур бууж, уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний уурхайчдын ажлыг төр засгаас үнэлж Тэргүүний уурхайчин цол тэмдэг, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Нийслэлийн болон дүүргийн ИТХ, Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр олон уурхайчид шагнагдлаа.
Мөн гэрээр хэвтэрт байгаа уурхайчдаа дүүргийн удирдлага болон НХҮХ-ээс эргэж, гарын бэлэг гардуулан өгсөн юм.
Уурхайчдын баярыг тохиолдуулан одоо ажиллаж байгаа уурхайн компаниудын дунд Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, 16 багийн 100 гаруй тамирчд өрсөлдсөнөөс Д.Гантулга ахлагчтай Батмөнх уурхайн баг тамирчид тэргүүлж, дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, шилжин явах цомын эзэн болсон юм.
Мөн үдшийн 20 цагт Налайх төв талбай болох Уурхайчдын алдрын талбайд хүндэтгэлийн ёслолын буудлагыг зохион байгуулж уурхайчдын баяраа Налайхчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.