Жирийн сурагч охиноос эхлээд олны танил эрхмүүдийн гоо сайханд санаа тавьж, 18 жил энэ талбарт бат суурьтай оршин тогтнож буй салон бол “VIDAL”. Мастер үсчин Д.Одонгоогийн бүтээн бий болгосон энэ салон үргэлж л хөл хөдөлгөөн ихтэй, өрнүүн амжилттай байдаг юм. Улирч буй онд энэ хамт олны дундаас дэлхийн аварга үсчин төрж, С.Мөнхнасан хэмээх энэ залууг зорих үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн. “Гоёл 2017” наадмын шилдгээр шалгарсан энэ салоны захирал Д.Одонгоотой ярилцсанаа хүргэе.
-Шинэ жилийн үеэр үсчдийн эрэлт илт нэмэгддэг дээ. Танайх ч ижилхэн байх. Энэ жил бүсгүйчүүд ямар загварын үс засалт ихэвчлэн хийлгэж байна вэ?
-Хүн өөрийнхөө дүр төрх, нүүрний онцлогт тохируулж үсээ засуулах хэрэгтэй. Үс болон арьс, нүдний өнгө, нүүрний хэлбэртэй үсний засалт уялдах ёстой. Түүнээс биш моод дагаж өөртөө тохирохгүй байдлаар үсээ засуулах хэрэггүй шүү дээ.
Сүүлийн нэлээн хэдэн жил усан долгио л тренд байлаа. Дуучин Т.Ариунаа, жүжигчин У.Уранчимэг нарын үсийг их олон жилийн өмнө би ийм байдлаар анх засаж байсан. Харин энэ жилийн хувьд бид 1980-1990-ээд оны хэв маягийг урин дуудсан засалт хийж байна.
“Гоёл 2017” наадмын загварын долоо хоногийн үеэр геометр хагалбартай, жижиг ороолт хийж, энэ оны шилдгээр шалгарсан. Энэ шинэ жилээр тийм засалтыг тренд болгохоор ажиллаж байна.
-Энэ жил танай салоныхон амжилтын богц дүүрэн байх шиг ээ. Дэлхийн аваргатай болж, “Гоёл 2017” наадмын шилдгээр шалгарлаа.
-24 дэх жилдээ “Гоёл” наадмын тайзны ард ажиллаа. Бас манай үсчин С.Мөнхнасан Дэлхийн аварга боллоо. Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс таван медаль хүртэж 21 аймгийн 200 гаруй хүн оролцсон УАШТ-нээс манай салоныхан зургаан медаль хүртсэн. Энэ мэтээр амжилт дүүрэн байна.
Хамтлаг дуучдын тоглолт, томоохон наадмын ард бид дандаа л ажилладаг. “Гэгээн Муза”, Л.Балхжавын “Миний дуунууд” гээд нэрлэбэл тогтмол оролцдог олон арга хэмжээ бий.
-Байсхийгээд л танайхан уриалга гаргаж, өндөр настнуудын үсийг үнэ төлбөргүй засдаг. Энэ ажил ч бас их олон жил үргэлжилж байгаа байх аа.
-Манай салон байгуулагдаад 18 жил болсон байна. Жилд дөрвөн удаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин ядуу хүүхдүүдийн үсийг үнэ төлбөргүй засаж байсан. Монголын залуучуудын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, Хараагүй, дүлий иргэдийн холбоотой хамтран өдий хүртэл 17000 хүнд үйлчилжээ.
Манай салон байгуулагдаад 18 жил болсон байна. Жилд дөрвөн удаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин ядуу хүүхдүүдийн үсийг үнэ төлбөргүй засаж байсан. Монголын залуучуудын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, Хараагүй, дүлий иргэдийн холбоотой хамтран өдий хүртэл 17000 хүнд үйлчилжээ.
Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт ч очиж ажиллаж байсан.
Би ганцхан зүйлийг л нийгэмдээ уриалдаг. Тэр бол чаддаг чаддаг зүйлээрээ нэг нэгэндээ тусалж амьдарцгаая. Юм оёж чаддаг бол нэг өнчин хүүхдэд заагаад өг. Англи хэл мэддэг бол амьдрал дорой нэг айлын хүүхдийг сургачих. Зоосны нүхээр бүхнийг харах хэрэггүй шүү дээ.
-Энэ салон таны хувьд бизнес үү эсвэл дуртай ажил уу?
-Би бизнесээс илүү дуртай ажлаа хийж байгаа хүн. Би үс засах дуртай. Ихэнх хүн эхлээд дурлаж хийсэн ажлаа мөнгө олох хэрэгсэл гэж хараад үнэ цэнийг нь үгүй хийдэг. Харин би бол үргэлж, өдөр бүр дуртай ажлаа хийж байгаадаа талархаж хүнд урам өгч, тусалж амьдрахыг хичээдэг.
Ажилгүй залуусыг сургаж, үсчин болгодог.
Тахир дутуу иргэдийн хөдөлмөр сургалтын төвд би таван жил нэг ч төгрөг авалгүй багшилж байсан.
Бүхнийг бүү зоосны нүхээр хар л даа. Чаддаг чаддагаараа л нэгэндээ туслая.
-“Смайл” салоны захирал, мастер үсчин Ч.Болдхуяг агсан бол таны багш. Анх салон байгуулахад тань хэрхэн хүлээн авсан бэ?
-Намайг энэ салбарт хөл тавихад анх зааж сургасан хүн бол мастер үсчин Заман. Амжилтын хаалгыг нээсэн хүн бол “Смайл” салоны захирал Ч.Болдхуяг агсан. Хоёр багшийгаа үргэлж дээдэлж, сэтгэлд нь хүрэхийг хичээж ирсэн.
Намайг салон байгуулсны дараа багш маань ирээд “Миний үндэслүүлсэн цэцэг ийм сайхан дэлбээлсэнд баяртай байна” гэж хэлж байсан. Би салон байгуулахаар “Смайл”-аас гарахдаа багшийгаа гомдоогоогүй. Нэлээн эртнээс санаагаа хэлж, хэнийг ч дагуулалгүй ганцаараа л явсан.
-Дараа нь танайхаас ч олон салоны эзэд, алдартай үсчид төрсөн. Заримдаа олноороо “урваж” байгаа мэт орхиод явах хэцүү байдаг уу?
-Энэ салбарт тосонд нь буцалж, тогоонд нь чанагдсан хүний хувьд аливаа мэргэжил шударга байх ёстой гэж л боддог. Өөрсдөө хүнээ бэлдэж, сургаад ажиллаж байгаа бол маргах зүйлгүй. Энд 18 жил ажиллаж байгаа миний шавь байна.
Би бол хүний хоол булаадаггүй. Өөрөө төмсөө арилгаж, махаа хэрчээд хоолоо хийдэг. Хүүхдүүдээ анхнаас нь сургаж, ажиллуулдаг учраас ийм шударга зарчмыг хүсдэг.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход их зардал гардаг байх. Өөрсдөө тэр зардлаа гаргадаг уу?
-Энд дэлхийн аварга Мөнхнасан, азийн аварга Ганцоож, ази, европын тэмцээний аварга Алтаншагай нарын үсчин залуус ажиллаж байна. ДАШТ-ээс медаль авсан дөрвөн хүн бүгд л манайд ажиллаж байсан хүмүүс.
Харамсалтай нь манай салбарыг төрөөс дэмждэггүй. Өөрсдөө тэмцээний зардлаа гаргаж оролцдог л доо. Ю.Цэдэнбал даргын үед үсчин хийж байсан нэг л гавьяат бий. Дэлхийн аварга болсон С.Мөнхнасанг маань харьяа яам л хүлээж авснаас биш цааш нь уламжилж, өөр шагнал өгөөгүй ээ. Манай холбооноос байнга л үсчдээ тодорхойлж, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт явуулдаг ч дэмжиж байгаагүй.
Тэглээ гээд бид шантарч, ухрахгүй. Би өөрөө ч гэсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бодолтой байгаа.