Японы Ерөнхий сайд Шинзо Абэ гадаад орны удирдагчдаас хамгийн түрүүнд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай уулзана. Тодруулбал, өнөөдөр Перу улсад эхлэх Ази, Номхон далайн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) чуулга уулзалтад оролцохоор явах замдаа Ш.Абэ Нью-Йорк хотод буун, АНУ- ын ирээдүйн Ерөнхийлөгчтэй уулзах гэнэ. Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “АНУ-ын цэргээр хамгаалуулахын тулд Япон болон Өмнөд Солонгос ихээхэн хүчин чармайлт гаргаж, илүү ихийг төлөх ёстой” гэж байсан юм. Мөн Япон болон Номхон далайн бүс нутгийн 10 улстай Ерөнхийлөгч Барак Обама чөлөөт худалдааны гэрээ байгуулсныг Д.Трамп буруушааж байв. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Д.Трампын үг бага зэрэг зөөлөрсөн ч Азийн орнуудын талаар баримталдаг Америкийн бодлогын зарчмууд хэвээр хадгалагдах, эсэхэд ажиглагчид эргэлзсээр байна. Түүний багт орох хүмүүсээс олон зүйл шалтгаалахыг тэд тэмдэглэжээ.