АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын талаарх хандлагаа Хятадын хэвлэлүүд эрс өөрчилж, түүнийг хоёр талын харилцааг бэхжүүлэх хүн гэх болжээ. Д.Трамп БНХАУ-ын удирдагч Си Зиньпинтэй утсаар ярьсан нь үүнд нөлөөлсөн бололтой. Олон улсын терроризмын нэг адил АНУ-д заналхийлж буй аюулуудын нэг хэмээн Хятадыг сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Бүгд найрамдах намаас нэр дэвшигч хэлж байсан нь нэгэнт ард үлдсэн гэж Бээжин найдаж байна. Дональд Трампын зөвлөхүүдийн хэлснээр, Цагаан ордны одоогийн засаг захиргаанаас Ази руу хийх эргэлт флотын зардлаа бууруулсны улмаас бүтэлгүйтжээ. Үүний уршгаар Барак Обамаг эрх барих үед Бээжин Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлуудаа 12 ам км-ээр сунган, Зүүн Хятадын тэнгист дангаар агаарын хяналтын бүс тогтоож, Энэтхэгээс Индонез хүртэлх орон зайгаа маргаантай газар нутгаар тэлж, хүний эрхийг хүндэтгэхээ улам больжээ. Тэд Обамагийн засаг захиргааг сул дорой, тууштай биш хэмээн буруушаагаад, Цагаан ордны ирээдүйн тэргүүний хоёр гол зорилтыг тодорхойлсон байна.
Нэгдүгээрт, Номхон далай дамнасан түншлэл, Хойд Америкийн чөлөөт худалдааны бүс төслүүдийг хэрэгжүүлэх гэж эдийн засагтаа цаашид хохирол учруулахгүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Рональд Рейганы үеийнх шиг цэргийн зардлаа эрс өсгөж, хөлөг онгоцны тоогоо 274-өөс 350-д хүргэж, Япон, Өмнөд Солонгос зэрэг холбоотнуудаараа дамжуулан тус бүс нутаг дахь Америкийн цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ хоёр зарчим нь Хятадын дарамт шахалтыг амсдаг, Ази дахь АНУ-ын холбоотнуудад илүү сэтгэгдэл төрүүлж буй юм. Ази, Европ дахь цэргийн оролцоогоо АНУ өргөжүүлэх боломжгүй учир Д.Трампын Ази руу чиглэсэн бодлого бусад бүс нутаг дахь АНУ-ын идэвх сулрахад хүргэж магадгүй аж. Гэхдээ Хятадын талаар баримтлах Д.Трампын бодлогын талаар эцсийн дүгнэлт хийхэд арай эрт байна. Тагнуулын материалуудтай танилцсаны дараа дэлхий дахины талаарх түүний дүр зураг эрс өөрчлөгдөж болзошгүй. Барак Обамагийн засаг захиргааг сул дорой хэмээн шүүмжилж буйгаас үзвэл Дональд Трамп хүчтэй, шийдэмгий удирдагч болохоо харуулах хэрэгтэй болж байна. “Трамп хүчтэйгээ харуулах хэрэгтэй болно. Филиппин зэрэг холбоотнуудын өмнө нэр хүндээ даруй сэргээх нь зүйтэй” гэж Сингапурын их сургуулийн профессор Эдуардо Арарал үзэж байна. Д.Трамп Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд өөрийн нутаг дэвсгэрээ хэмээн Бээжингийн үзэж буй Өмнөд Хятадын тэнгисийн усаар Америкийн хөлөг онгоцнууд нэвтэрдэг болох бүрэн боломжтой гэж Э.Арарал хэлжээ.