Хятад охин метронд 200 мянган юаны (23 мянган евро) төлөө онгон биеэ зарах хүсэлтэй гэдгээ зарлаж, бичиг барьсан байна. Ху Янхуа нэртэй 19 настай охин ахынхаа хорт хавдрын эмчилгээний төлбөрийг олохын тулд ийм шийдвэр гаргаж, Ханзоу мужийн нэгэн метронд ийм бичиг барьсан нь олныг цочирдуулжээ.
Түүний төрсөн ах 23 настай бөгөөд гурван жилийн өмнөөс цусны хорт хавдраар өвдөх болжээ. Гэвч гэр бүлийнх нь орлого эмчилгээний зардалд хүрэлцдэггүй тул дүү нь өөрийнхөө онгон биеийг зарах санаа бодож олсон байна. Охин дүүгээ ийм шийдвэр гаргасанд төрсөн ах нь сэтгүүлчдээс олж мэдээд ихэд уурласан байна. Гэр бүлийнхэн нь түүний энэ явдлыг огт мэдээгүй бөгөөд дүүгээ гэртээ эргэн ирж, сургуульдаа үргэлжлүүлэн суралцахыг хүсэж буй аж. Харин охиныг цагдаагийнхан олон нийтийн газар садар самуун сурталчилсан хэргээр баривчилсан юм.
Охины найзууд нь түүний энэ гэнэтийн явдалд балмагдсан байна. Хамт амьдардаг ахлах сургуулийн сурагч Жи Жиян "Ху бол маш сайн охин. Түүнийг ийм шийдвэр гаргасанд итгэж чадахгүй нь. Тэр ахыгаа аврах, эмчилгээний мөнгө олохоор цахимаар олон удаа хайлт хийж, аргаа барж байсныг нь мэднэ" гэжээ.
Эл мэдээг анх 163.com цахим сайт мэдээлсэн бөгөөд мэдээнийх нь дор нийт 73 мянган сэтгэгдэл үлдээсэн байжээ. Иргэдийн дийлэнх нь ядуу өрхөд эмчилгээний зардал мөнгө олоход хэцүү, маш их үнэтэй байдаг гэж шүүмжилсэн бол зарим нь хэдийнэ Хугийн гэр бүлд туслах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна.