Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа дипломат харилцаагаа сэргээхээр Зөвлөлт, Японы байгуулсан тунхаг бичгийн 60 жилийн ойг өнгөрсөн аравдугаар сард Орос, Япон хоёр улс тэмдэглэсэн. Гэвч тэр цагаас хойш Өмнөд Курилын асуудал шийдэгдээгүй, улмаар найрамдлын гэрээ ч байгуулаагүй гэж “Japan News” сонинд бичжээ.
Ирэх арванхоёрдугаар сард Оросын Ерөнхийлөгч В.Путин Японд айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана. Энэ нь хоёр орныг мухардмал байдлаас гаргах болов уу?
Хоёр тал буулт хийх хүртэл уг асуудал шийдэгдэхгүй гэж Зөвлөлт, Оросын түүх судлаач, профессор Нобуо Симотомаи үзэж байна. Одоо хоёр улс хүчтэй удирдагчтай байгаа нь буулт хийж болох нөхцөлүүдийн нэг гэж тэрбээр хэлжээ. Өмнөд Курилын талаар Москва, Токио хоёр түүхэндээ тохиролцохыг нэг бус удаа оролдож байсан ч тухай бүрт Оросын үндсэрхэг үзэл хүчирхэгжиж, хэлэлцээ мухардаж байсан гэнэ.
Украины мөргөлдөөн, Европын эдийн засгийн уналтын улмаас ОХУ дорно руу эргэж, Агнуурын тэнгисээр дамжуулан Азийн орнуудад байгалийн баялгаа худалдахыг зорьж байна. Мөн усан замынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс Японтой хил хязгаараа тодорхой болгох нь одоо чухал байгаа юм.
В.Путиний айлчлалд найдлага тавьж буй япончуудаас Оросын шинжээчдийн байр суурь нэлээд өөр болохыг Японы нэрт улс төр судлаач Шигэки Хакамада тэмдэглэжээ. Японы арлуудыг шилжүүлэн өгөх тухай яригдвал, эл үйл явц 100, бүр 200 жил үргэлжилнэ гэж оросууд үзэж буй аж.
Найрамдлын гэрээ байгуулсны дараа Хабомаи, Шикотан арлыг Токиод шилжүүлэн өгөхөөр заасан гэрээг В.Путин нэг бус удаа хөндөж байжээ. Хэрвээ найрамдлын гэрээ байгуулбал Япон улс Оросыг сонирхохоо больж, Москва Токиотой эдийн засгийн талаар хамтран ажиллаж чадахгүй болно. Тиймээс Орос улс урьдын адил яриа хэлэлцээгээ сунжруулсаар байхыг санал болгоно гэдэгт Ш.Хакамада итгэлтэй байна. Ирэх сард болох хоёр удирдагчийн уулзалтыг ч тэрбээр амжилттай болно гэж бодохгүй байгаа аж. Гэхдээ найрамдлын түр гэрээ байгуулж магадгүй ч Москва тийм баримт бичигт эцэслэн гарын үсэг зураагүй цагт ямар нэг арлаа шилжүүлэн өгөх нь юу л бол гэж Ш.Хакамада үзэж байна.