АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөөд ялагдсандаа Хиллари Клинтон Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Комиг буруушаав. Ивээн тэтгэгчидтэйгээ хийсэн бага хурлын үеэр Х.Клинтон үг хэлэхдээ “Сонгууль болохоос 11 хоногийн өмнө мөрдөн шалгалтыг сэргээх тухай Ж.Коми Конгресст мэдэгдсэн нь хэвлэлүүдэд таагүй уур амьсгал үүсгэж, улмаар сонгуулийн өрсөлдөөнийг амжилттай дуусгах боломж олгоогүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Х.Клинтоны цахим шуудантай холбоотой дуулиан 2015 оны гуравдугаар сараас дэгдсэн билээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байхдаа хувийн цахим шуудангаар дамжуулан албаны бичиг солилцож байсан нь тогтсон шаардлагыг зөрчсөн хэрэг болох нь тогтоогдсон юм. Түүнийг их хайнга байсан, гэхдээ гэмт санаа агуулсан шинж тэмдэг байхгүй, шүүхийн мөрдөн шалгалт явуулах шаардлагагүй хэмээн Ж.Коми 2016 оны зун мэдэгдсэн.
Хиллари Клинтоны нэг зөвлөхийн нөхөр болох Энтони Уинерийн компьютероос олон тооны цахим шуудан олдсон хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгасны дараа аравдугаар сарын сүүлээр Хилларигийн цахим шуудангийн асуудал дахин сөхөгдсөн аж. Нэмж олдсон түүний цахим захидлыг тус товчоо шалгаж байгаа тухай мэдээллийг өнгөрсөн аравдугаар сард Конгрессын гишүүдэд Ж.Коми өгсөн нь сонгуулийн өмнөх кампанит ажилд нь цохилт болж, Дональд Трампад оноо нэмжээ.
Захидлуудыг нь судалсны дараа Х.Клинтоныг буруушаах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа Ж.Коми сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Конгресст мэдээлсэн байна.