АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнгөрсөн оны есдүгээр сард сонгуульд нэр дэвшихээ зарлах үеэр ямар ч цалингүй ажиллана гэж амлаж байв. Тухайн сард твиттерийн жиргээгээр иргэдийн асуултанд хариулахдаа мөн цалин авахгүй гэж ярьсан удаатай. Цагаан ордонд цалингүй зүтгэж байсан хоёр ерөнхийлөгч бий. Тэд бол Херберт Хувер болон Жон Кеннеди нар. Тэд хоёул цалингаа буяны санд хандивладаг байсан юм. Тэгвэл ноён Трампын хувьд өөрийн үүсгэн байгуулсан Д.Трамп буяны байгууллагадаа цалингаа хандивлахаар төлөвлөж байгаа аж.
Сонирхуулахад, АНУ-ын ерөнхийлөгчийн одоогийн цалин жилд 400 мянган ам.доллар юм. Үүн дээр нэмэгдэл 50 мянган ам.доллар урамшуулалд авдаг юм. Тэрбээр Форбес сэтгүүлийн энэ жилийн тэргүүн баячуудын жагсаалтад 3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бичигдсэн юм.