АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Канадын цагаачлалын албаны цахим хуудсанд хандагчдын тоо эрс өсөж, үүний улмаас тус сайтын ачаалал эрс нэмэгдсэн төдийгүй ачааллаа дийлэхгүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Доналд Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Снуп Дог, Брайан Кранстон зэрэг олны танил хүмүүс ч бас Канадын иргэншилтэй болно гэж мэдэгдээд амжсан юм. Канадын Засгийн газраас сонгуулийн орой 23 цагийн үед 200 мянган хүн тус сайтад зочилсон тул ачааллаа дийлэхгүйд хүрсэн гэнэ. Эдгээр хэрэглэгчдийн тэн хагас нь АНУ-аас нэвтэрсэн аж.
Сонирхуулахад, АНУ-Канадын хилийн нийт урт нь 9000 км хүрдэг. Энэ нь дэлхий дээрх хамгийн урт хилд тооцогддог аж. Өдөр бүр 300 мянган хүн тус хоёр орны хилээр нэвтэрдэг. Есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагаас өмнө тус хоёр орны иргэд энгийн жолооны үнэмлэхээр нэвтэрч болдог байсан бол дээрх халдлагаас хойш хяналт шалгалтаа сайжруулсан юм.
Тус хоёр орны хооронд нийт 119 хилийн гарц бий. Тэдгээрийн нэг нь алдарт Ниагара хүрхрээ юм. Тус хүрхрээний захирагч Жим Диодати цагаачдыг найрсагаар хүлээж авна гэж мэдэгдээд буй. Канадын Засгийн газраас энэ онд 300 мянган цагаач хүлээж авахаа мэдэгдсэн. Гэхдээ тус улс жил бүр хүлээн авах цагаачдынхаа тоог зарладаг бөгөөд энэ тоо ирэх жил өснө гэж шинжээчид таамаглаж байна.