Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь гадаад бодлогын гол хэд хэдэн чиглэлээр тус улсаас дэлхийн бусад улстай хийх харилцаанд нөлөөлж магадгүй.
НАТО-Д ХАТУУХАН ТУСНА
Сүүлийн 60 жилийн турш Америкийн гадаад бодлогын тулгын чулуу болсон цэрэг, улс төрийн эвсэл болох НАТО-г Д.Трамп эрс шүүмжилдгээрээ зартай. Тэрбээр НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага хэмээн үздэг бөгөөд гишүүн орнуудыг нь Америкийн хандиваар хөгжин цэцэглэж буй таагүй холбоотнууд гэсэн. Түүний хэлснээр, АНУ адилхан хөрөнгө мөнгө гаргахгүйгээр Европ болон Азийн орнуудыг цаашид хамгаалахгүй. Холбоотнууд нь нутаг дэвсгэртээ америкчуудыг байлгасныхаа төлбөрийг төлж чадахгүй бол тэндээс гарахыг Д.Трамп санал болгосон байна. НАТО-гийн гишүүн орнуудын дийлэнх нь шаардлагатай хэмжээнээс бага буюу ДНБ-ийхээ хоёрхон хувийг батлан хамгаалах салбартаа зориулдагт дургүйцсэндээ тэрбээр дээрх мэдэгдлийг хийсэн байж болзошгүй аж. Гэсэн ч түүний мэдэгдэл НАТО-гийн гишүүдийг Оросоос хамгаалах гол түшиц газар гэгддэг тухайлбал, Зүүн Европын орнуудыг ихээхэн түгшээжээ.
ОРОСТОЙ НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ БОЛОХ УУ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тогтоосон харилцааны түгшүүрийг намжааж чадна хэмээн Д.Трамп найдаж байгаа. Тэрбээр урьд нь В.Путинийг магтаж, сайн харилцаатай баймаар хүчтэй удирдагч гэж тодорхойлсон билээ. Барак Обама Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхдээ АНУ-ын эртний өрсөлдөгч ОХУ-тай тогтоосон харилцаагаа аядуу болгохыг уриалж байсан. Тэр цагаас хойш Орос, Америкийн харилцааны түгшүүр өсөн нэмэгдсээр, Сирийн иргэний дайнд оролцогч талуудыг тэд дэмждэг болсноос хойш бүр хурцаджээ.
Гэхдээ Д.Трамп “Исламын улс”- тай хамтран тэмцэхийг хүсэж буйгаа илэрхийлснээс өөрөөр Оростой харилцаагаа хэрхэн сайжруулах талаар бараг яриагүй. Оростой тохиролцох, хамтран ажиллах зарчмыг тэрбээр юуны түрүүнд ойлгох хэрэгтэй байх.
ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХУВЬ ЗАЯА
Гадаад худалдааны талаарх Д.Трампын бодлого ирэх 10 жилд бусад улстай Америкийн хийх ажил хэргийн харилцааг эрс өөрчилж магадгүй. Ажилгүйчүүдийн тоо нэмэгдэх шалтгаан болж буй учир тэрбээр чөлөөт худалдааны тухай олон хэлэлцээрээс гарна хэмээн сүрдүүлсэн. Дэлхийн худалдааны байгууллагаас АНУ гарахыг ч тэрбээр үгүйсгээгүй. Д.Трамп импортын татварыг дэмждэг бөгөөд Хятадын барааны татварыг 45 хувиар нэмэх боломжтой тухай ярьж байжээ. Тэрчлэн Мексикийн бараанаас 35 хувийн татвар авах, Америкийн компаниудыг Мексик рүү шилжүүлэхийг хориглох санааг тэрбээр хөндөж байсан аж.
ИРАНЫ ЦӨМИЙН ХЭЛЭЛЦЭЭР
Ираны удирдагчид цөмийн зэвсэг боловсруулахаас татгалзахаа амласны хариуд тус улсад авсан олон улсын хориг арга хэмжээг цуцлахаар АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обама шийдсэн нь түүхэн харилцан ойлголцол болсон билээ. Энэ хэлэлцээрийг урьд өмнө байгаагүй хамгийн муу баримт бичиг гэж Д.Трамп мэдэгдсэн билээ. Үүнээс татгалзах нь нэн тэргүүний зорилт болохыг Д.Трамп хэдийнэ хэлсэн. Иран улс Сирийн мөргөлдөөний гол тоглогчдын нэг бөгөөд Саудын Араб, Израиль зэрэг янз бүрийн улстай өрсөлдөж буй Ойрхи Дорнодод тийм алхам хийх нь их уршиг дагуулж болзошгүй. Удирдагч нь гарын үсэг зурсан дэлхийн бусад улсад хүндэтгэлтэй хандаж, цөмийн хэлэлцээрийн үсэг бүрийг дэмжихийг Д.Трампт Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф хэдийнэ уриалжээ.
АЗИ ЦӨМИЙН ОЛОН ЗЭВСЭГТЭЙ БОЛОХ УУ
Ази дахь олон улсын аюулгүй байдлын асуудал Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах үед ч хөндөгдөх нь. Гадаад бодлогын хувьд илүү тусгаар байна хэмээн найдаж, Трампыг сонгогдсонд Хятад улс баяртай байгаа. АНУ-аас хэт хамааралтай байна гэж Д.Трамп Япон, Өмнөд Солонгосын тухай онцгойлон хэлсэн. Цөмийн өөрийн гэсэн зэвсэгтэй болбол энэ хоёр улс хожно гэж Д.Трамп хэлжээ. Харин Умард Солонгосын талаар тэрбээр тодорхой байр суурь илэрхийлээгүй байна. Удирдагч Ким Жөн Уныг “муу залуу”, түүнтэй шууд хэлэлцээ хийнэ гэжээ.
Ямартай ч, хамгийн урьдчилан тааварлахын аргагүй нэр дэвшигч гэгдэж байсан Д.Трамп дэлхийн хамгийн тааварлашгүй улсуудтай харилцахыг оролдож буй хүн бөгөөд ойрын жилүүдэд Умард Солонгосыг ээлжит “халуун цэг” болгож ч магадгүй юм.